УИХ 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд оролцож 2022 оны төсвийн төсөл болон ирэх онд Засгийн газраас баримтлах бодлогоо танилцууллаа. Түүний хэлсэн үгнээс онцлох хэсгүүдийг нь тоймлон хүргэж байна.
" Хүн төрөлхтөнд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш учирсан хамгийн хүнд аюул зовлон болох Ковид-19 цар тахлыг та бид хамтдаа даван туулж байна.
Цар тахлын хүндрэл нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, гадаад харилцаанд хүчтэй доргилт өгч, хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчиллөө. Энэхүү хүндрэл бэрхшээл Монгол Улсыг ч тойрсонгүй.
Монголчууд бид цар тахлын халдварын ноцтой эрсдэлд орж, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг эзэлж, 250 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаар дүйцэж очих хоёрдахь хүнд үе байлаа.
Манай улс энэ оны хоёрдугаар сарын 23-наас бүх нийтийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 гаруй мянган хүнийг дархлаа сэргээх 3-р тунд хамруулж, өнөөдрийн байдлаар 2.6 сая тун вакцины нөөц бүрдүүлээд байна. Эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын тооцооллоор хэрвээ вакцинжуулалтыг өнөөдрийн түвшинд зохион байгуулж чадаагүй бол 46 мянга хүртэлх иргэдийн амь нас бодит эрсдэлд орох байлаа.
Дархлаажуулалтын үр нөлөөгөөр эдийн засгаа алхам алхмаар сэргээж, хичээлийн шинэ жилээ танхимаар эхлүүлж, хатуу хөл хориогүй энгийн амьдралын хэмнэлд өдрөөс өдөрт дасан зохицож байгаа ч өнгөрсөн хугацаанд 1424 хүний эрдэнэт амь нас эрсэдсэнд гүн эмгэнэл илэрхийлье...
Засгийн газар төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэдийн хамтын хүчин зүтгэлээр цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г эрчимтэй хэрэгжүүлсэн төдийгүй ирэх 2022 оны төсвийг өөдрөгөөр төсөөлж, Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг УИХ-д өргөн барилаа. Зүйрлэж хэлбээс хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна.
Бид ирэх оноос хөгжлийн төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Эдийн засгаа сэргээх шинэчлэлийг үе шаттай хийх болно. Цар тахлын хариу үйлдэл, иргэдийн орлого, ажлын байрны асуудал ч эдийн засгийн сэргэлтгүйгээр бүрэн шийдэгдэх боломжгүй юм. Уул уурхайгаас гадна, боловсруулах аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн салбар зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хөгжлийг цогцоор дэмжихэд энэ жилийн улсын төсөв зориулагдсан гэж дүгнэж болно.
Газрын тосны боловсруулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны эдийн засагт нэн шаардлагатай томоохон төслүүдийг эрчимжүүлнэ.
Үндэсний баялгийн сан, Эрдэс баялгийн биржийн хуулийн төслийг өргөн барьж, уул уурхайн томоохон төслүүдийн хайгуул, олборлолтыг эрчимжүүлж, Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулж, далд уурхайг ашиглалтад оруулахыг эрмэлзэнэ.
Тавантолгой Гашуунсухайтын замыг 2022 онд багтаж ашиглалтад оруулж, хил холболтын цэгийг эцэслэн тохирно. Зүүнбаян-Ханги мандлын төмөрзамыг төр хэвшлийн түншлэлээр ирэх төсвийн жилд багтаан эхлүүлнэ. Чойбалсан-Хөөт бичигт болон Зүүн болон Баруун босоо чиглэлийн төмөрзамын техник эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж дуусгана. Эдгээр төсөл нь тээвэр логистикийн болон транзит хүчин чадлыг нэмэгдүүлж, экспортын шинэ гарцуудыг нээхэд чухал ач холбогдолтой.
Хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох, аялал жуулчлалын бүс нутгийн автозамуудыг шинээр барихад 2022 оны төсөвт 140 орчим тэрбум төгрөгийг тусгалаа. Зам дагаж хөгжил ирдэг гэж монголчууд ярьдаг. Тэр дундаа хилийн боомтуудыг холбож дуусгах нь далайд гарцгүй манай улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой билээ.
Төрийн өмчит 339 компаниас томоохон компаниуд ашигтай ажиллаж, төрийн ачааллаас үүрэлцэж байгаа боловч ихэнх компаниуд нь алдагдалтай ажиллаж байна. Тиймээс төрийн өмчит компаниудад Засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодлогын шинэчлэлийг 2022 онд багтаан хэрэгжүүлж, олон нийтийн нээлттэй хяналтад шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах болно.
Өнөөдөр манай улсын 2.7 сая иргэд ямар нэг хэлбэрээр халамжийн сангаас тэтгэмж авч байна. Энэ нь Монгол Улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлж байна. Тиймээс л бид халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээс өөр гарцгүй юм. Хамгийн сайн халамж бол чанартай ажлын байр гэдэг зарчмын дагуу хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн Халамжаас-хөдөлмөрт шилжих цогц шинэчлэл хийнэ.
Цар тахлын үед зүрх судас, амьсгалын тогтолцоо, хавдар, хоол боловсруулах эрхтний суурь өвчлөл, нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, иргэн бүр жил бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд хамрагдах тогтолцоонд 2022 оны төсвийн жил шилжих болно.
Ирэх 2022 онд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхгүйгээр нийслэл хотын төсөвт үлдээлээ.
Богдхаан уулыг тойрсон төмөрзамын бүтээн байгуулалт, Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Хөшигийн хөндийн эдийн засгийн бүсийн дэд бүтцийн асуудал, нийтийн тээврийн шинэлэг шийдэл болох баганан тулгуурт тээврийн хэрэгслэлийн бүтээн байгуулалт, нийслэл Улаанбаатар хотыг тойрсон хурдны замын ажлууд ирэх жил эхлэх болно" гэлээ.
АДМИН








Нийгэм







