Аймаг, Нийслэлийн төвөөс бусад сум, алслагдсан газарт ажиллаж байгаа алба хаагчдад урамшуулал олгох хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын санаачлан өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа аж.
Уг төсөлд аймаг, нийслэлийн төвөөс бусад сум, алслагдсан газарт 5 жил тасралтгүй ажилласан алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох эрх зүйн зохицуулалтыг тусгасан бөгөөд Улсын Их Хурлын хаврын чуулганы 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байсан юм.
Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Үүний дагуу Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт оруулж, гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхийг Хууль зүйн байнгын хороонд даалгалаа.
Хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн энэ хуулийн төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэдгийг онцолсон юм.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл нар оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариулж, тодруулга өглөө.
АДМИН








Нийгэм






