Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг их эзэн Чингис хааны мэндэлсний ой, "Монгол бахархлын өдөр" буюу жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг сонгон шагнадаг уламжлал 2005 оноос тогтоод буй.
Тэгвэл "Чингис хаан" одон хүртсэн эрхэмд төрөөс дараах урамшууллуудыг олгодог:
Одон хүртэгч Монгол улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд заажээ.
Тэгвэл энэ онд Чингис хаан одонг хүртэх магадлалтай эрхмүүдийг танилцуулж байна.
1. Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Бундангийн Болдсайхан. Тэрээр 2020 онд "Зүрх мартахгүй" төслийг хэрэгжүүлж, одоогийн байдлаар 234 гаруй хүүхдийн амийг авраад байна.
2. Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин,Хөдөлмөрийн баатар Хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров.
3. Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУ-ын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Хорлоогийн Баянмөнх.
4. Дэлхийн шилдэг мэс засалчдын нэг, элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, хүний гавьяат эмч О.Сэргэлэн
5. Дэлхийн дөрвөн том тэмцээний дээд рекордыг эзэмшигч Э.Содномпилжээ. Тэрээр "Токио 2021" Паралимпын хүндийг өргөлтийн төрлөөр Ази тивийн аварга, ДАШТ, Гиннесийн амжилт, Паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.
7. Төрийн соёрхолт дуучин Д.Болд.
8. Жүдо барилдааны 48 кг жингийн Дэлхийн аварга (2013), ДАШТ-ий мөнгө (2017), хошой хүрэл медальт, Ази тивийн аварга (2012), ААШТ-ий хошой хүрэл медальт (2009, 2013), Токиогийн олимпын хүрэл медальт (2021) Монгол улсын эмэгтэй жүдоч Мөнхбатын Уранцэцэг.
9. Зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог Эрдэнэт үйлдвэр.
Эдгээр эрхмүүд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг авах өндөр магадлалтай гэсэн таамаглал хүмүүсийн дунд гараад байна.
Чингис хаан одонг 2005 оноос хойш 2021 оны хооронд нийт 14-н Монгол улсын хүндэт эрхмүүдэд олгож байсан юм.
Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэгсэд:
2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг
2021 онд Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
2021 онд Монгол Улсын Зэвсэгт Хүчин
АДМИН
















Нийгэм





