БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын багц хууль болон боловсролын шинэчлэлийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах, Өвөрхангай аймагт гарсан асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах асуудлаар УОК, Эрүүл мэндийн яам, БШУЯ-ны сайд нарын хамтарсан ажлын хэсэг орон даяар ажилласан. Улсын хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийсэн. Тус үнэлгээгээр 2-3 настай хүүхдүүдийг одоогийн нөхцөлд цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй байна гэж гарсан. Улс орон даяар томуугийн дэгдэлтийн үе ирж байна. Иймээс хүүхдүүдээ одоогоор цэцэрлэгт хамруулах болоогүй байна.
Өвөрхангай аймагт сэтгэл эмзэглүүлэм хэрэг гарлаа. Энэ бол боловсролын байгууллагад болон дотуур байранд хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч, боловсрох нөхцөл байдал эрсдэлд орсныг харуулсан аймшигт хэрэг боллоо. Шат шатны удирдлагатай хариуцлага тооцохоор тухай асуудлыг ярилцаж байна. Жил бүр сургуулийн орчинд, дотуур байрны орчинд маш их гэмт хэргүүд гардаг. Иймээс хуулийн хүрээнд эрх зүйн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байна. Боловсролын багц хуулийн хүрээнд Хүмүүнлэг боловсролын хууль өргөн баригдсан. Цаашид сэтгэл зүйн боловсролыг чухалчлан үзэх шаардлагатай гэж үзэж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм







