Гол мөрөн, нуурын ус гүйцэд хөлдөөгүй тул мөсөн дээгүүр нь автомашинтай зорчихгүй байхыг зөвлөж байна.
Тодруулбал, өчигдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл багийн нутагт гурван хүн Пронтер загварын ачааны автомашинтай зорчиж яваад Цагаан нуурын мөсөнд цөмөрч нэг зорчигч усанд осолдож, хоёр зорчигч нь автомашины тэвшин дээр гарсан тухай дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд очиход тус автомашины жолооч 39 настай, эрэгтэй, зорчигч 43 настай эрэгтэй нар нар автомашины тэвшин дээр байсныг эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид 76 км замыг туулан тус газар очиж, осолдсон иргэн 30 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус нуурын хоёр метрийн гүнээс цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай ОБЕГ-аас мэдээллээ.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
АДМИН








Нийгэм







