Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан ахуйн хэрэгцээндээ нүүрс авах иргэдийн дараалал ихсэж байна. Тиймээс энэ асуудлыг зохицуулах үүргийг Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос холбогдох удирдлагуудад өгчээ.
Энэ дагуу өнөөдөр /2021.11.10/ Хотын захирагчийн хот байгуулалт, дэд бүтцийн бодлогын асуудал хариуцсан орлогч Б.Батболд газар дээр нь ажиллалаа.
Өмнө нь “Шарын гол” ХК аймгийн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдэд өдөрт 600-700 тонн нүүрсийг жижиглэнгээр олгодог байжээ.
Харин энэ жилээс эхлэн Дархан-Уул аймгийн иргэдээс гадна Төв, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгаас иргэд нүүрс авахаар ирж байгаагаас шалтгаалан ийнхүү ачаалал 2 дахин нэмэгдсэн байна.
Ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан “Шарын гол” ХК-ийн ажилчид Даваагаас бямба гараг хүртэл уртасгасан цагаар буюу өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл ажиллаж, нүүрсний жижиглэнгийн худалдааг хувийн байгууллагад энэ сарын 3-нд шилжүүлэн өгчээ.
Тус байгууллага нь 7 хоног бүрийн 2,4 өдөр гэрээт байгууллагуудад нүүрсийг өгч бусад өдрүүдэд иргэдэд жижиглэнгээр нүүрсийг олгох ажлыг эхлүүлж байгаа талаар мэдээллээ.
Мөн иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан бас нэг асуудал бол үнийн асуудал бөгөөд энэ оныг дуустал хуучин үнээрээ буюу 1 тн нүүрсийг 71500 төгрөгөөр өгөх юм байна.
Цаашдаа цахимаар дараалал авах асуудлыг судалж, холбогдох гарцыг олж, аль болох иргэддээ бухимдал үүсгэхгүй байхад анхаарал хандуулахаа хэлж байлаа.
АДМИН








Нийгэм







