Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын үр дүнг мэдээллээ. Хяналт шалгалтын үр дүнгийн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээллээ.
Тэрээр “Нийслэлийн алслагдсан байршилд үйл ажиллагаа явуулж буй 120 орчим эмийн сан байдаг. Эдгээрийн 92 эмийн санд худалдаалагдаж буй эмүүдийн хангамж, хүртээмж, үнийн талаарх судалгааг гаргах худалдаалж байгаа эмүүдийн чанар аюулгүй байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх зорилгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ.
Шалгалтад Сүхбаатар дүүрэгт байрлах 20, Баянгол дүүрэгт байрлах 12, Сонгино хайрхан дүүрэгт байрлах 15, Чингэлтэй дүүрэгт байрлах 27, Хан-Уул дүүрэгт байрлах 5, Баянзүрх дүүрэгт байрлах 13 нийт 92 эмийн сан шалгалтад хамрагдлаа.
Хяналт шалгатад хамрагдсан эмийн сангуудаас тасалдал үүссэн эмийн жагсаалтыг гаргуулан авч үзэхэд 25-30 нэрийн импортоор орж ирдэг өргөн хэрэглээний, бактерийн эсрэг, мөөгөнцөрийн эмүүд, эмнэлгийн хэрэгсэл, тариурууд, дотоодын 2 эмийн үйлдвэрийн 10 нэр төрлийн судсаар сэлбэх, тарилгын шингэний олдоц захын эмийн сангуудад ховордсон байна.
Мөн хяналт шалгалтын явцад өргөн хэрэглээний үнийн судалгаанаас үзэхэд эм ханган нийлүүлэх байгууллагаас татан авсан үнэ дээр эмийн сангууд 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцдог юм байна. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас вирусийн эсрэг эмийн үнийн дээд хязгаарыг тогтоосон байдаг. Гэтэл уг хязгаараас давсан буюу 350-2500 төгрөгөөр хэтрүүлэн нэмж худалдаалж байсан зөрчил илэрсэн.
Хяналт шалгалтын явцад нийт 87 зөрчил илрүүлж газар дээр нь 42-ийг нь арилгуулсан. 22 аж ахуйн нэгжид 45 заалт бүхий улсын байцаагчын албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч эрх бүхий алба тушаалтны албан даалгаварыг 3 газар өгч хэрэгжилтэд хяналт тавин ажилласан.
Мөн гарал үүсэл тодорхойгүй Жор 50 эмийг худалдаалж байсан нэг эмийн санд зөрчлийн тухай хуулийн 6.6.4.1-д заасны дагуу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний болон тусгай зөвшөөрөлгүй иргэнд эм борлуулсан “Ариун монгол” компанид Зөрчлийн тухай хуулийн 11.2-т заасны дагуу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулийг ногдуулан барагдуулах арга хэмжээг авч ажиллалаа. Мөн хяналт шалгалтын явцад “Ариун монгол” компанийн 0.5 кг болон 1 кг-аар савласан “Норов 7”, “Мана 4” танг Монгол Улсын эмийн жагсаалтаас хасах саналыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт хүргүүлсэн" гэлээ.
АДМИН








Нийгэм






