Dark Light
Нийгэм | 2021-11-29

Э.Уянга: Өөрийнхөөрөө байх нь хамгийн сайхан бас тухтай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Zogii.mn сайтын бэлтгэн хүргэдэг Оn&On подкастын шинэ дугаарын зочноор МҮОНТ-ийн соёл урлагийн редакцийн редактор, хөтлөгч, жүжигчин Э.Уянга оролцлоо.

Н.О: Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн ханьтай, хөөрхөн хүүхдүүдтэй, сайхан ажилтай аз жаргалтай амьдардаг гээд Уянгааг  хүмүүс цахим орчинд “Аз жаргалтай эмэгтэй” гэж тодорхойлсон байдаг. Хэр санал нийлэх вэ?

Э.У: Би маш аз жаргалтай амьдарч байна. Өвчин зовлонгүй, эрүүл саруул, элэг бүтэн, дуртай ажлаа хийгээд, хайртай хүмүүстэйгээ хамт байгаа нь хамгийн том АЗ ЖАРГАЛ юм. Амьдралд мэдээж зовлон бэрхшээл байх ч аз жаргалыг минь бууруулах томоохон асуудал азаар гараагүй л байна. Эрүүл мэндийн асуудал, хайртай дотны хүмүүст минь гай зовлон тохиолдож, шийдэх боломжгүй байвал үнэхээр том асуудал гэж хардаг.   

Н.О: Үргэлж сэтгэл зүрхээрээ аз жаргалтай байх боломжтой юу?

Э.У: Зовлон байж жаргал байдаг, зовсоны дараа жаргалыг илүү мэдэрдэг. Би өнөөдөр бухимдалтай байлаа гээд түүнд миний нүүр номын найзууд хамаагүй шүү дээ. Тиймээс би нүүр номондоо аз жаргал, баяр баяслаа хуваалцаж, бусдыг сайхан инээлгэе гэж боддог. Тэрнээс цахим орчинд хуваалцдаг шиг үргэлж инээж, аз жаргалтай байх боломжгүй. 

Н.О: Эмэгтэй хүн амьдрал дээр эхнэр, ээж, гэргий, хувь хүн гээд олон үүрэг гүйцэтгэдэг. Аль үүргээ яг одоогоор илүү сайн гүйцэгэж байна вэ?

Э.У: Хувь хүн тал дээр буюу ажлаа сайн хийе гэж бодож байна. Ингээд бодохоор муу ээж шиг сонсогдож байгаа биз? Намайг хийж бүтээх насан дээрээ яваа залуу хүн гэж зоригжуулж, хүүхдүүдийг минь харж, ар гэртээ санаа зоволтгүй, ажилдаа бүх анхаарлаа хандуулах боломж олгож байгаа  хадам ээждээ маш их баярладаг. ХАйртай хүмүүсийнхээ туслалцааг авалгүйгээр ар гэр, ажил гээд энэ бүхнийг зохицуулах боломжгүй. Өмнө нь би ганцаараа бүхнийг амжуулж чадна гэж бодон, хоол ундгүй гүйх үе байсан. Гэсэн ч үр дүн нь миний хүссэн шиг байгаагүй болохоор амжуулах гэж гүйх биш сайн зохицуулах, хэн нэгний тусламжийг авах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. 

Н.О: Үр хүүхэд, ар гэрийн хажуугаар өөртөө хэр цаг гаргадаг вэ? Өөрийгөө хэр хайрлаж байна?

Э.У: Ээж болсны дараа өөрийгөө хайрлана гэдэг ойлголт өөрчлөгддөг юм байна. Өдөржин найз охидуудтайгаа спад ороод л, дарс шимээд л байхыг өмнө нь өөртөө цаг гаргана гэж ойлгодог байлаа. Харин одоо хүүхдүүдтэйгээ хамт байх нь надад илүү хайр, аз жаргалыг мэдрүүлж байна. 

Н.О: Магадгүй ээж болгоны гаргадаг золиос байх. Харамсаж байна уу?

Э.У: Үгүй ээ. Ажлыг ашиг орлого олох, амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд зориулж хийж байгаа ч нөгөө талаас хамгийн дуртай ажлаа хийж байгаа учраас ажилдаа зориулж байгаа цаг нь надад өөртөө цаг гаргаж, өөрийгөө хайрлаж буйгийн илэрхийлэл болдог. Тиймээс заавал ганцаараа байж, өөртөө цаг гаргах хэрэгцээ нэхэгдэхгүй байгаа болов уу. 

Н.О: Өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ? Номын хорхойтон байсныг санаж байна.

Э.У: Номд хайртай хэвээр. Хүмүүс кофений үнэрт дуртай байдаг шиг би номын цаасны үнэр маш дуртай. Ээж болсноос хойш унших номын тоо цөөрсөн ч ажилтай холбоотойгоор утга, уран зохиолын номыг цаг гарган уншсаар байгаа. Ном хадгалах шинэ хоббитой болсон. Тиймээс номын шүүгээндээ олон гоё ном өрж, номоор хүрээлэгдсэн орчинд охидууд минь ч номын хорхойтон болж өсөөсэй гэж хүсэх болсон. Хамгийн сүүлд “Хайрын 40 дүрэм”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг ном уншсан. 

Н.О: Гэр бүлийн тогтвортой харилцааг бий болгоход өөрийн талаас ямар хүчийн чармайлт гаргадаг вэ?

Э.У: Гэр бүлийн хоёр хүний нэг нь илүү их хичээж, нөгөөх нь дутуу цагт гэрийн хоёр баганын нэг нь нурахын адил тогтворгүй болдог. Амьдрал бол хайр сэтгэлээс гадна ойлголцол, тэвчээр юм билээ. 20,30 жил өөр хүмүүжлээр өссөн хоёр хүн хамтдаа амьдарч, нэгэн гэр бүл болж байгаа учраас тухайн хүний онцлогийг, өөр гэдгийг ойлгож, хүлээж авахаас өөр аргагүй. Насаараа хамтдаа амьдарсан хүмүүсийг агуу их хайр байжээ гэж боддог байсан бол өнөөдөр хайраас гадна асар их хүндлэл, ойлголцол, тэвчээр байжээ гэж харах болсон.  

Хамтын амьдралын эхний жилүүдэд би хүүхдээ харах ёстой, нөхөр ажлаа хийх ёстой л гэж бодож байсан болохоор бидний дунд зөрчилдөөн бага байсан. Харин хүүхэд томрохын хирээр би бас нийгмийн харилцаанд орох ёстой, өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө ажиллах ёстой гэдэг хэрэгцээ нэмэгдэж, стрессдэх болсон.  Ажилдаа л орчихвол асуул шийдэгдэх юм шиг бодож байтал ар гэр, хүүхдээ зохицуулах гээд бусад асуудлууд гарч ирсэн. Тиймээс асуудалгүй, маргаангүй амьдрал гэж хаа ч, хэзэ ч байхгүй юм байна, хамгийн гол нь том зургаар нь харвал энэ бүхний цаана хайр сэтгэл, хамтын зорилго, хайраас ургасан үр хүүхдүүд минь байгаа гэдгийг ойлгочихоор асуудал жижгэрдэг юм билээ. 

Н.О: Сайхан эмэгтэй гэж хэн бэ? Уянга өөрийгөө хэр сайхан эмэгтэй гэж боддог вэ гэсэн асуултаар ярилцлагаа төгсгөе. 

Э.У: Сайхан эмэгтэй гэж ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ, АЛДАА ОНООТОЙ НЬ ХАМТАД НЬ ХАЙРЛАДАГ ЭМЭГТЭЙ ЮМ. Бүх эмэгтэйчүүд сайхан гэж боддог. Сайхны хэмжүүр сохор. Энэ бол зөвхөн харагдах байдал биш юм.  Сайхны хэмжүүрт  өөрийгөө тааруулах гээд, өөрөөсөө өөр хүн болж, гадаад байдлаа өөрчлөх нь их байдаг. Үргэлж дүр эсгэж, бусдыг дуурайх боломжгүй учраас хаана ч өөрийнхөөрөө байж чаддаг, үнэ цэнээ мэддэг байх нь л сайхан эмэгтэй байхын гол хэмжүүр. 

Надаас хүмүүс “2 хүүхэд төрүүлчихээд юу идэж уугаад ийм гоё туранхай байдаг вэ?”, “Нүүрэндээ юу хэрэглэдэг вэ?” гээд л асуудаг.   Гэтэл би жирэмсэн болоод яаж таргалж, 53 кг-аас 89 кг болж төрдгийг утасны цаана ороод харвал миний ойр тойрны хүмүүс л мэднэ. Тэгэхээр бусдын шаардлагад нийцүүлж, өөрийгөө аз жаргалгүй нэгэн битгий болгоорой гэж бүсгүйчүүдээсээ гуйж байна. Магадгүй үүнийг 20 гаруй настай залуу охин сонсоод ойлгохгүй л дээ, том нүд, шонтгор хамар, цайвар шаргал үс, гоолиг биетэй л байх нь сайхан гэж бодох байх. Харин хүүхэд төрүүлж, ээж болж, цаг хугацаа өнгөрсөний дараа өөрийнхөөрөө байгаа нь л ХАМГИЙН САЙХАН, БАС ТУХТАЙ гэдгийг ойлгодог юм байна. 

Н.О: Баярлалаа. Бидний энэ ярилцлага олон эмэгтэйд багаа тайлж, дарамтаас өөрийгөө чөлөөлж, өөрийнхөөрөө байх боломжийг олгосон, чөлөөлөгдөж, хөнгөрсөн мэдрэмжийг төрүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Баяралаа, хамгийн сайн сайхныг хүсье.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10