Өмнөд Солонгосын дунд сургуулийн сурагч дөрвөн охин дээд ангийнхаа монгол охиныг зургаан цаг цоожилж, гар, хөлийг нь скочоор хүлж, хүчээр архи уулган зодсон хэрэг тус улсад гарсан болохыг MBC news өчигдөр мэдээллээ.
Гэмт этгээдүүд охинд хүчээр архи уулгаж, зодсоныхоо дараагаар видео бичлэг хийж, 5,000 воноор зарсан байна.
Бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан тул хохирогч сэтгэл санааны цочролоос болж сургуульдаа явж чадахгүй байгаа аж.
Хохирогч охин MBC news-д өгсөн ярилцлагадаа “Ингэж зодуулснаас үхсэн нь дээр” гэж бодсоор л байсан. Эцэст нь би гэртээ ирсэн ч биед халдсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж эхэлсэн. Гэмт этгээдүүд сургуульдаа хэвийн явдаг ч би ердийн амьдралдаа эргэж орж чадахгүй байгаа” гэжээ.
Хохирогч охины ээж "Охин минь гэртээ ирэхгүй байсан тул бид цагдаад мэдэгдсэн. Харин цагдаагийн газраас хоёр хоногийн дараа охиныг минь олж өгсөн. Тухайн үед маск зүүчихсэн, орой болчихсон байсан учир охиноо тийм аймшигтай зодуулсан гэдгийг анзаараагүй. Тэгээд гэртээ ороод хартал нүүр, бие дээр нь маш их хөхрөлт үүсчихсэн хумсны ор гарчихсан байдалтай байсан. Харахад үнэхээр хэцүү байдалтай байсан. Би охиноо хайх хугацаанд дээрэлхсэн хүүхдүүдийнх нь гэрт хүртэл очиж үзсэн. Намайг очиход тэр охид танай охин манайд байхгүй гэж уурласан байдлаар хэлсэн. Гэтэл миний охин хоёр хоногийн турш тэр охидын гэрт зодуулж, хүлүүлэн ,тамхины үнсээр түлүүлж хэрцгийгээр зодуулсан гэдгийг сүүлд мэдсэн. Одоо охин минь сэтгэл санааны хямралд орчихсон байгаа. Энэ хэрэг дээр хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа тул болгоомжтой хандахыг хүсэж байна. Мөн бид энэ хэргийг зүгээр орхихгүй" гэсэн юм.
БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-ийн мэдээлж байгаагаар солонгос охидод зургаан цагийн турш зодуулж, хоёр өдөр хоригдсон хохирогч монгол охины эрхийг хамгаалахаар БНСУ-ын үндэсний суваг "MBC" болон хувийн "JTBC" суваг эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэхээр болжээ.
АДМИН








Нийгэм







