Dark Light
Нийгэм | 2021-12-07

Допингийн эсрэг байгууллага 455 сая төгрөгийг юунд зарцуулсан бэ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцод Монгол улс нэгдэн ороод нилээдгүй олон жилийг өнгөрүүлж байна.

Монголын Допингийн Эсрэг Үндэсний газар нь WADA буюу Допингийн эсрэг дэлхийн агетлагт харьяалагдан, тэдний дүрмээр үйл ажиллагаагаа явуулдаг, явуулах ёстой.

Тэгвэл тус газар сүүлийн жилүүдэд асуудал үүсгэх боллоо. 

2019 оны Засгийн газрын 391-р тогтоолоор уг байгууллагад Биеийн тамир спортын үндэсний хороогоор дамжуулан санхүүжилт олгохоор болсон. Уг тогтоолын дагуу  Биеийн тамир спортын үндэсний хороо Монголын Допингийн Эсрэг Үндэсний байгууллагад 455 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Гэвч Допингийн Эсрэг Үндэсний байгууллагаас тус санхүүлжилтын тайланг өгөөгүйн улмаас тэдэнд дахин санхүүжилт олгоогүй гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Улсын төсвөөс авсан 455 сая төгрөгийг Допингийн Эсрэг Үндэсний байгууллага яг юунд зарцуулсан, яагаад одоог хүртэл энэ санхүүжилтын тайлан бэлэн болохгүй байгаа нь хачирхалтай. 

Монголын допингийн эсрэг үндэсний төв юу хийдэг, ямар байгууллага вэ? Зүгээр л шинжилгээ илгээж, хариу дамжуулдаг газар биш байх ёстой. Учир нь Монгол улс Копенхагены тунхаглалд, “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д тус тус нэгдэн орохдоо допингийн эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн.   

Өөрөөр хэлбэл, энэ байгууллага өнгөрсөн хугацаанд сэргээшийн төрөлд ордог эм, түүний хор хөнөөл, хэрхэн урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө  яаж эрсдэлээс хамгаалах  талаар бөхчүүд, тамирчдад сурталчилан таниулах ажлаа хийгээгүй гэсэн үг.

Үүний хор уршгаар жил, жилийн наадмаар допинг хэрэглэсэн гэх дуулиан гардаг.

WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг жил бүр хориотой эм бэлдмэлийн жагсаалтаа шинэчлэн гаргадаг. Бөхчүүд гэлтгүй бүхий л спортын тамирчдад шинэчилсэн жагсаалтаа танилцуулж, урьдчилсан арга хэмжээ авах нь Монголын допингийн эсрэг үндэсний төвийн ажил.

Гэвч тамирчдын хувьд байнгын бэлтгэл сургуулилалтаар энерги, шингэнээ байнга алдаж байдаг тул тусгай эм бэлдмэл хэрэглэж амин дэмүүдээ нөхөх шаардлагатай. Үүн дээр нь допингийн эсрэг үндэсний төвөөс хяналт тавин тамирчдын хэрэглэж буй эм бэлдмэлүүдийг нь хянан үзээд, хориотой бодис байгаа эсэхийг нь шалгах учиртай.

Мөн гадаад орнуудын жишгийн дагуу тамирчны ард допингийн шинжилгээг нь хариуцсан ажилтан хэрэгтэй. Уг ажилтан шууд шинжилгээг өгөх, шинжилгээ өгөхийн өмнө хэрэглэх, идэх зүйлс дээр хүртэл хяналт тавьдаг. Гэтэл манай улсад шинжилгээ авах уг процесс алдагдаж байна. 

Тэгвэл Допингийн Эсрэг Үндэсний байгууллага улсын төсвийн 455 сая төгрөгийг яг юунд зарцуулсан, санхүүжилтын тайланг хэн мэдүүлэх вэ? 

Энэ асуудлаар Монголын Допингийн Эсрэг Үндэсний байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мөнхболдоос тодруулахад: "Тайлбар өгөх боломжгүй, завгүй байна" гэсэн хариултыг бидэнд өглөө. 

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10