Манай улсын 60 орчим иргэн таван машинтай самар түүж яваад ОХУ-ын хил давж, саатуулагдсан талаар мэдээлэл гараад байна. Энэ асуудлаар ХХЕГ-аас тайлбар өглөө.
Тодруулбал: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Минжийн заставын хариуцсан, хэсэг хилийн дугаар тэмдгийн чиглэлээр 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дотоодоос Монгол Улсын тодорхой тооны иргэд таван нэгж техниктэй улсын хил зөрчиж, ОХУ-ын талд саатуулагдсан байна. Эдгээр иргэдийг өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээн авахаар ОХУ-ын талтай тохиролцсон. Тухайн хэсэг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар бөгөөд битүү ой хөвч, уулархаг, бартаа саад ихтэй, тасралтгүй хяналт зохион байгуулахад хүндрэлтэй хэсэг юм. 2021 оны 1,2 дугаар сард Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах хилийн зурваст хил орчмын дэглэм зөрчсөн 35 удаагийн 485 хүн, 11, 12-р сард мөн хил орчмын дэглэм зөрчсөн таван удаагийн үйлдлээр 68 хүнийг улсын хилээс 1-15 км зайд илрүүлэн саатуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцсон байна.
Хил орчмын дэглэмийн зөрчил гэдэг нь хилийн зөрчил гаргаж болзошгүй иргэдийг урьдчилан илрүүлэн саатуулах ажиллагаа юм хэмээн Хил Хамгаалах Ерөнхий газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
АДМИН








Нийгэм







