Хүний эрхийн үндэсний форум-2021 "Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл" сэдвийн хүрээнд Төрийн ордонд болж байна.
"Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог боловсронгуй болгох нь" салбар хуралдаанд “Хүний эрх-хөгжил” төвийн тэргүүн Г.Уранцоож иргэний нийгмийн оролцоо нь хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд чухал үүрэгтэй байдаг талаар мэдээллээ.
Тэрээр "Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог боловсронгуй болгоход иргэний нийгмийн үүрэг оролцоо маш их байдаг.
Учир нь иргэний нийгэм нь эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсийн эрхийг хамгаалах, шаардлагатай тусламжийг тодорхойлдог. Тиймээс хүний эрхийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болж байдаг. Иргэдийн эрхийг хамгаалаад зогсохгүй эрхийн хэрэгжилт, зөрчлийг зогсооход шаардлагатай байгаа механизмыг сайжруулах бодлого гаргагч, шийдвэр гаргагчдад нөлөөлж байдаг юм. Үүнийг хэрэгжүүлэхдээ үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд ч хүрч ажиллаж байдаг.
Төрийн албан хаагчид иргэний нийгмийн байгууллагатай хамтарч ажиллахад бэлэн биш байна.
Иргэний нийгмийн байгууллагууд хүний эрхийг сайжруулахаар олон улсын байгууллагад ханддаг. Тэдний хүчин зүтгэл бүр амжилттай болдоггүй бөгөөд хүчин чадлыг нь бүрэн дүүрэн ашиглахгүй байна гэж үзэж байна. Хэрэв бүрэн дүүрэн ашиглаж чадвал хүний эрхийг хангах чиглэлийн үйл ажиллагаа илүү үр дүнтэй байх болно.
2021 онд Газрын тухай багц хуулийн төслийг олон талаас тэр дундаа орон нутгийн иргэдийг оролцуулсан байдлаар явуулах хүсэлтийг Барилга хот байгуулалтын сайдад хүргүүлсэн боловч бид ямар ч хариу авч чадаагүй. Энэ дагуу Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлсэн ба салбарын яам анхааралдаа авч ажлын хэсгээс ирж уулзсан ч бидний хүсэж байсан хариултыг өгөөгүй. Нийт хоёр сар гаруйн хугацаанд хийсэн үйл ажиллагаа ийнхүү талаар болсон. Энэ мэт хандлага үргэлж давтагддаг ба нэг жишээ нь л энэ юм. Иргэдийн оролцоо нь эерэг үр дагавартай, хамтын ажиллагаан дээр суурилсан байх ёстой. Үүнээс харахад төрийн албан хаагчид иргэний нийгмийн байгууллагатай хамтарч ажиллахад бэлэн биш байна.
Төрийн байгууллага, төрийн албан хаагчид хүний эрх, иргэдийн оролцооны талаарх мэдээллийг сайжруулах, стандартчилсан журамтай болох хэрэв зөрчвөл хариуцлага тооцдог тогтолцоотой болох зөвлөмжийг хүргүүлж байна. Иргэний нийгэм үйл ажиллагаа явуулахад таатай орчин бүрдэхгүй байна. Тиймээс зарчмын зөрүүтэй саналтай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа талаар анхааралдаа авах Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлсэн" гэсэн юм.
АДМИН








Нийгэм







