Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Багахангай дүүрэгт 125 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжиж ашиглалтанд орлоо. Тус орон сууцанд Багахангай дүүргийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах ажлыг дүүргийн ЗДТГ болон НОСК хамтран зохион байгуулж өнөөдөр иргэд түлхүүрээ гардан авлаа.
Нийслэлийн Багахангай дүүргээс 360 орчим иргэд тус орон сууцанд хамрагдах хүсэлтээ "НОСК" ХК-д ирүүлсэн бөгөөд нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж зорилтот 8 бүлэгт 94 айл өрхийг шалгаруулсан. Шалгуурт тэнцсэн иргэд 5-7 жилийн хугацаанд урьдчилгаа төлбөр төлөхгүй, хүүгүйгээр төлж барагдуулах бөгөөд 1мкв-ийн үнийг 700 мянган төгрөгөөр тооцон олгосон байна.
Түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдсан иргэдэд Нийслэлийн Засаг даргын орлогч, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, "НОСК" ХК-ийн захирал М.Говьсайхан, Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр нар болон бусад албаныхан орон сууцны түлхүүрийг гардуулан өглөө.
Багахангай дүүрэг нь Улаанбаатар хоттой 107 км төмөр зам, 90 км хатуу хучилттай замаар холбогддог. Мөн Улаанбаатар-Замын-Үүд, Улаанбаатар-Багануур чиглэлийн төмөр замын зангилаа болон Улаанбаатар-Замын-Үүдийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг хэсэгт оршдог, нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг юм. Тус дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2015 онд баталсан бөгөөд 2030 он гэхэд 2800 өрхийн 10 мянган хүн амтай байхаар тооцож, энэ хугацаанд нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 2400 суралцагчтай сургууль, 900 хүүхдийн цэцэрлэг, 50 ортой хүүхдийн эмнэлэг, 90 ортой эмнэлэг, 200 суралцагчийн МСҮТ, 70 км авто зам, 5400 ажлын байр бий болохоор төлөвлөсөн.
Цаашид Улаанбаатар хотын дагуул хот болон хөгжүүлэх бөгөөд Түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн ногоон орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар онцоллоо.

Багахангай дүүргийн иргэн Ц.Сүрэндорж
Бүртгэл явагдаж байна гэж сонсоод ямар ч байсан бүртгүүлээд үзье гэж бодоод өргөдлөө өгсөн. Та шалгуурт тэнцсэн байна. Байрныхаа түлхүүрийг аваарай гэсэн мэдээг сонсоод чихэндээ итгээгүй. Би энэ дүүрэгт насаараа ажиллаж амьдарсан. Маш их баяртай байна.
Багахангай дүүргийн иргэн П.Саруул
Залуу гэр бүлийн төлөөлөл болоод түрээслээд өмчлөх байранд хамрагдсандаа маш их баяртай байна. Залуу гэр бүлүүдийн хувьд хамгийн том асуудал бол өөрсдийн гэсэн орон сууцтай болж гал голомтоо бадраах юм. Урьдчигаа төлбөр төлөхгүй, хүүгүйгээр 5 жилдээ хуваагаад төлнө гэдэг бол маш том боломж. Манайх 2 хүүхэдтэй. Шинэ оны босгон дээр өөрсдийн гэсэн байрандаа орж байгаадаа баяртай байна.
Багахангай дүүргийн иргэн Б.Мөнгөнбаяр
Миний хувьд энэ дүүрэгтээ өсөж төрж гал голомтоо бадраасан. Одоо төмөр замд ажилладаг. 7 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл. Удахгүй гэргий маань амаржина. 8дахь хүүхдээ өлгийдөж авахаар догдлоод хүлээж байна. Хүүхдүүдээ их сургуульд орохоос өмнө өөрсдийн орон сууцтай болно гэсэн зорилгодоо хүрлээ. Үнэхээр сайхан байна. Хүүхдүүд маань хичээл сургуулиа тараад ирэхэд гэр дулаахан, гал хөс түлэхгүй ая тухтай байх боломжтой болж байна.



АДМИН








Нийгэм







