Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ оны 07 дугаар сараас хойш 200 гаруй иргэнийг залилсан сэжигтэн "Б"-г 12 сарын 29-ний шөнө дайчлан баривчиллаа.
Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хурандаа М.Болдбаатар: "2021 оны 12 сарын 28, 29-ний өдрүүдэд тус газрын алба хаагчдаас энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг Б гэгч этгээдийг дайчлан баривчилсан. Тухайн этгээд нь Ховд аймгийн харьяат. Уг этгээд нь Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 7 сарын 9-ний өдөр өршөөлийн тухай хуульд хамрагдаж 2 жил зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдэж хорих ангиас суллагдсан байна. Урьд нь 2-3 удаагийн ял шийтгэгдэж байсан. Хорих ангиас суллагдах хугацаандаа нийтдээ 200 гаруй иргэнээс 70 орчим сая төгрөгийг залилан мэхлэх аргаар үйлдэж авсан. Уг гэмт хэргийг үйлдэхдээ цахим орчинд бараа материал хүргэж өгнө, ажил үйлчилгээ үзүүлнэ гэх байдлаар гэмт хэрэг үйлдсэн. Уг этгээд нь одоогийн байдлаар Өмнөговь, Дорноговь, Өвөрхангай, Увс, Баянхонгор, Ховд, Дундговь, Орхон, Дархан-Уул болон нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэдийг хохироосон байна.
Иймд иргэд, олон нийт цахим орчноос бараа материал худалдан авахдаа найдвартай албан ёсны газраас худалдан авалт хийхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлье" гэлээ.
Иргэн Б мэдүүлэхдээ : "Богино хугацаанд их хэмжээний мөнгө хэрэгтэй болсон. Тэгээд гэмт хэрэг үйлдсэн. Урьд нь 20-иод сая төгрөгийн өртэй байсан. Гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө өсгөхийн тулд мөрийтэй тоглоом онлайн сайтуудаар тоглодог байсан" гэжээ.
АДМИН








Нийгэм







