Соёмбо сонины “Явлаа, ирлээ” булангийн анхны зочноор Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Соёлын төвийн дарга ахлах дэслэгч Н.Дэлгэрмааг урьж ярилцлаа. Тэрээр БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн X ээлжийн Мотобуудлагын батальоны сэтгэл зүйч офицероор үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн юм.
Юуны өмнө үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе!
Маш их баярлалаа.
Эх орныхоо цэнгэг агаарыг санасан л биз дээ?
Тэгэлгүй яах вэ. Ажиллагааны газар оронд очсон даруйдаа ажил төрлөө жигдрүүлэхээс эхлээд тун завгүй талдаа байлаа. Тэгээд хийх ёстой ажлаа хийж, гүйцэтгэх учиртай үүргээ гүйцэтгээд ажил аяндаа жигдрээд ирэхээр эх орноо санаад эхэлдэг юм билээ. Яах аргагүй л эх орны минь цэнгэг агаар, сэвэлзүүр сэрүүн салхи гээд хамаг бүхэн л өөрийн эрхгүй үгүйлэгддэг. Эх орондоо ирээд онгоцноос буух агшин үнэхээр үгээр илэрхийлшгүй мэдрэмжийг төрүүлсэн. Агаар ямар гоё гээч, ёстой л цээж дүүрэн амьсгал авсан даа. Дээр нь нэг л тийм омогших, огших, бардамнах сэтгэл төрөөд байсан. Эх орныхоо үнэ цэнийг илүү мэдэрсэн болоод тэр байх л даа.
Тэгэлгүй яах вэ. Ингэхэд анх удаа ажиллагаанд үүрэг гүйцэтгэв үү?
Тийм ээ. Цэргийн хүн болсных энхийг сахиулагчдынхаа эгнээнд элсэнэ дээ гэж битүүхэн зорьж байсан зорилгоо биелүүлсэндээ сэтгэл өндөр байна.
Холын хүнээс үг сонс гэдэг дээ. Явсан газрынхаа сонин сайхнаас хуваалцахгүй юу. Африкт хөл тавьсан анхны сэтгэгдэл, ажиллагааны газар орны тухай төсөөллөөс эхлээд ажил хөвөрсөн цаг хугацааны эргүүлэг хүртэл хуучлах зүйл их бий байх, тийм ээ?
Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээгээд 20 жилийнхээ ойтой золгох гэж байна. Мөн БНӨСУ-д “UNMISS” ажиллагаа явагдаад 10 жил болж байна шүү дээ. Энэ бол тийм ч бага цаг хугацаа биш. Тэгэхээр миний хувьд энхийг сахиулах ажиллагаа, тэр тусмаа БНӨСУ-ын цаг агаар, уур амьсгал, орчин нөхцөл, амьдрал ахуй гээд бүхий л талаар сонсож дуулсан мэдээлэл, ойлголт төсөөлөл хангалттай байсан. Ажиллагааны өмнөх бэлтгэлээр ч эдгээр ойлголт маань баталгаажсан, сэтгэл зүйн хувьд ч бүрэн бэлтгэгдсэн. Тийм болохоор нэг их сүйдтэй хүлээж аваад байхаар зүйл байгаагүй. Яах вэ, мэдээж цаг агаар уур амьсгалын хувьд маш бүгчим халуун учраас онгоцноос буух үед нэг тийм давчдах мэдрэмж төрсөн. Гэхдээ богино хугацаанд, хурдан дасан зохицсон.
Хүний газар бүтэн нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг тийм ч хялбар ажил биш. Тэрхүү цаг хугацаа, орон зайд бие бүрэлдэхүүнийг сэтгэл зүйн хувьд тогтвортой байлгах нь хамгийн чухал. Тийм ч учраас сэтгэл зүйч офицерын ажил үүрэг нэлээд хариуцлага бас дээр нь чамгүй мэдрэмж шаарддаг юм шиг санагддаг ...
Тэгэлгүй яах вэ. Манай батальонд долоон цэргийн алба хаагч сэтгэл зүйчээр ажилласан. Түүний тав нь орон тооны, хоёр нь орон тооны бус л даа. Орон тооны сэтгэл зүйчдийн хувьд бүгдээрээ гадаадад болон дотооддоо сэтгэл зүйч мэргэжил эзэмшсэн нь давуу талтай байлаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэсэн нь цэргийн алба хаагчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болсон. Мэдээж ихэнх цэргийн алба хаагчдын ар гэрт Ковидын халдвар авсан тохиолдол зөндөө гарсан. Тэр тусмаа өндөр настай өвөө эмээ, аав ээж, бие давхар эхнэр нь халдвар авсан тохиолдол их байлаа. Ийм үед хэцүү байх нь ойлгомжтой шүү дээ. Дээр нь өөрсдөө бид халдвар авсан. Тэр болгонд санаа нь зовж, айж түгшиж, стерссдэнэ. Улмаар сэтгэл зүйн хувьд тайван биш болж байгаа юм л даа. Ийм амаргүй нөхцөл байдалд бид маш хариуцлагатай ажиллах ёстой гэдгээ л ухамсарлаж, чадахаараа хичээсэн. Тиймдээ ч ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэсэн нэг жилийн хугацаанд 21 төрлийн судалгааг давхардсан тоогоор 11255 цэргийн алба хаагчаас авч, үр дүнг нь нэгтгэн удирдлагууддаа танилцуулан, шаардлагатай бүхнийг хэрэгжүүлж ажилласан. Мөн ажиллагааны өмнөх бэлтгэлийн үеэр таван төрлийн судалгааг давхардсан тоогоор 3250 цэргийн алба хаагчаас авч ажиллагаанд үүрэг гүйцэтгэх болсон зорилго чиглэлийг нь тодорхойлсон.
Үүнээс гадна цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн байдлыг тандах зорилгоор 18 төрлийн сэтгэл хөдлөл бүхий “Эможи карт”-ыг хүн нэг бүрээр хөтлүүлж ажилласан нь энгийн атлаа их үр дүнтэй байсан. Өдөр бүр энэхүү картыг бөглөснөөр сэтгэл зүйн стрессийг бага ч гэсэн бууруулдаг нь ажиглагдсан. Мөн цэргийн алба хаагчдыг сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж сурахад нь нөлөөлсөн болов уу гэж бодож байна.
Бие бүрэлдэхүүнээсээ цөөнгүй төрлийн судалгааг авч ажиллажээ. Дээрх судалгаануудын үр дүнгээс харахад цэргийн алба хаагчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг гол зүйл ер нь юу байх юм? “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлыг эс тооцвол шүү дээ ...
Ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх үед цэргийн алба хаагчдын сэтгэл зүйд ямар хүчин зүйлс сөргөөр нөлөөлдөг талаарх судалгаанд нийт бие бүрэлдэхүүний 87,8 хувь хамрагдсанаас 16,3 хувь нь гэр бүлийн гишүүд, дотнын хүмүүстэй таагүй харилцаатай байх, 13,7 хувь нь ахуйн хэрэглээний дутагдалд орох гэж хариулсан. Үүнээс харахад гэр бүлийн таагүй харилцаа хүний газар үүрэг гүйцэтгэж байгаа нөхөр, эхнэрт чинь хэрхэн нөлөөлдөг талаар яриа таниулга хийдэг байх нь зөв юм шиг санагдсан.
Ажиллагааны үүргээ амжилттай дуусгавар болгоход 43 хувь нь өөрийн зорилго, 19,7 хувь нь хамт олон, 18,5 хувь нь сахилга бат нөлөөлсөн гэж үзсэн. Иймд цэргийн алба хаагчдад өөрийн зорилгыг нь байнга сануулах, зорилгынхоо талаар бодож тунгаах хугацаа олгох нь чухал юм билээ. Мөн ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх хугацаанд цэргийн алба хаагчдын сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг нэг зүйл бол ар гэрийн гачигдал. Манай батальоны хувьд 35 цэргийн алба хаагчийн ар гэрт гачигдал гарсан. Энэ нь өмнөх ээлжүүдийнхтэй харьцуулахад бага байгаа нь сайн хэрэг. Үүнийг би “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдсан хорио цээрийн дэглэмтэй холбоотой болов уу гэж бодож байна. Тодруулбал, янз бүрийн гэнэтийн осол аваар, золгүй явдлаас үүдэлтэй эрсдэл буурсан үзүүлэлт нөлөөлсөн болов уу.
Таны хувьд жилийн хугацаанд ажил мэргэжлээрээ нэлээд туршлага хуримтлуулсан байх. Бодож төлөвлөсөн зүйл бас бий байх. Энэ тухайд тодруулбал юу хэлэх вэ?
-Асар их туршлага хуримтлуулсан. Бас цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн хангалтын чиглэлээр бага ч гэсэн зүйл хийх тухай бодол төлөвлөгөө бий. Тухайлбал, цэргийн алба хаагчдын энхийг сахиулах ажиллагааны өмнөх, ажиллагааны үеийн, ажиллагааны дараах гэсэн гурван үе шат бүхий судалгааг хийх төлөвлөгөөтэй байна. Сэтгэл зүй, эдийн засаг, туршлага сургамж гэх мэт олон талаар хэрхэн өсөж дэвшсэн, өөрчлөгдсөн, эерэг ямар үр дагавар гарсан, сөрөг ямар үр нөлөө бий болсон гээд л судалж болно.
Та ч гэсэн эх орон, гэр бүл, хайртай дотнын хэн бүхнээсээ жилийн хугацаанд хол байж үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Сэтгэл зүйч учраас гуньж гутарч, гэр бүлээ санаж, стрессдэж бухимддаггүй гэсэн ойлголт байхгүй болов уу. Адилхан л хүн хойно ...
-Гүйцэтгэж буй үүрэг маань сэтгэл зүйч. Тэнд байгаа харуулын цэргээс эхлээд батальоны удирдлагууд хүртэлх хүн бүхнийг сэтгэл зүйн хувьд тогтвортой байлгахад анхаарч ажиллах ёстой хүн нь өөрөө аливаад шантраад, санаагаар унаад, сэтгэл зүйн хувьд тогтворгүй байгаад эхэлбэл хэн миний судалгаанд хамрагдаж, хэн миний үгийг сонсож, хэн надад итгэх вэ дээ. Тийм учраас өөрөө нэгдүгээрт сэтгэл зүйн хувьд бат тогтвортой байх ёстой. Миний хувьд ажиллагааны төгсгөл рүү эх орноо жаахан санагалзсанаа эс тооцвол маш тайван байлаа. Ар гэрээ бат сайн зохицуулаад явсан болохоор асуудал огт гараагүй. Энэ дашрамд хоёр хүүхдийг маань үнэхээр мундаг харж хандаж байсан хадам ээждээ талархахгүй байхын аргагүй.
Ингэхэд гэр бүлээ танилцуулахгүй юу?
Ханийг минь Э.Энхмэнд гэдэг. Зэвсэгт хүчний 256 дугаар ангид алба хаадаг, дэслэгч цолтой залуу бий. Манайх хоёр хүүхэдтэй.
Та хэр сайн хань, сайн ээж вэ?
Сүүлийн үед тийм ч сайн хань байж чадахгүй байгаа. Ажлын шаардлагаар хоёр газар байгаа болохоор утсаар ярьж л санаа тавьдаг. Харин хамт байх үедээ ханийн хайр халамж, өмөг түшгийг мэдрүүлэхийг хичээдэг. Ээжийн хувьд хоёр хүүхдэдээ зөв үлгэр дуурайлтай үлгэр жишээч сайн ээж байхыг хичээдэг. Үнэхээр сайн ээж байж ч чаддаг юм байна гэж өөрийгөө тоосон шүү. Яагаад гэхээр ажиллагааны газар оронд байх хугацаанд фэйсбүүк хуудас маань долоо хоног бүрийг хүүхдүүдтэйгээ яаж өнгөрүүлж байсан дурсамжуудыг минь сануулсан. Агаарт гарсан, паркт тоглуулсан, дэлгүүр хэссэн, хөдөө явсан гээд л ямар нэгэн байдлаар хүүхдүүддээ цаг гаргаж, анхаарал хандуулж чаддагаа тэгж л анзаарсан. Хэдийгээр энэ нь аав ээж бидний үүрэг ч гэлээ ажлын нөхцөл байдлаас шалтгаалаад хүүхдүүддээ тэр бүр хүссэнээрээ анхаарал хандуулж чаддаггүй аав ээжүүд бий шүү дээ.
Цэргийн хүн болох шалтгаан тань юу байв?
Би Ховд аймгийн Алтай сумын уугуул л даа. Ховд хотод өссөн гэж болно. Манай аймагт Зэвсэгт хүчний болоод Хилийн цэргийн анги байдаг учир цэргийн хүмүүстэй их тааралдана. Цэргийн дүрэмт хувцас өмсчхөөд тэвхийтэл алхаж яваа ах эгч нар ямар сүртэй, гоё харагддаг байсан гэж бодно. Тэгээд л яг энэ ах, эгч нар шиг цэргийн хүн болно доо гэсэн бодолд багаасаа автсаар хүсэл мөрөөдлөө биелүүлж, 2013 онд тухайн үеийн БХИС-ийг Цэргийн сэтгэл зүйч мэргэжлээр дүүргэсэн. Мэргэжлээ онож сонгосон, салбараа олж ажил, амьдралаа холбосондоо туйлын баяртай байдаг.
Зэвсэгт хүчинд цэргийн сэтгэл зүйчдийн хэрэгцээ шаардлага, хүлээх үүрэг, хариуцлага их чухлаар хөндөгдөж байгаа. Ер нь залуу хүний тэр тусмаа цэргийн сэтгэл зүйч мэргэжилтэй хүний хувьд сэтгэл зүйн хангалтыг Зэвсэгт хүчинд хэрхэн зохион байгуулах ёстой талаар ямар санал бодолтой байдаг вэ?
Сэтгэл зүйн хангалт гэдэг өөрөө цогц ойлголт л доо. Тэгэхээр яг л ажиллагааны газар орны орон тоо бүтэц зохион байгуулалтаар буюу сургалт, соёл хүмүүжил, сэтгэл зүй, хуулийн офицерууд нэг тасаг болж сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах нь оновчтой санагдсан. Яагаад гэхээр ангиудын сэтгэл зүйн офицер нь нөгөө хэдээсээ ангид ажиллагааны удирдлагын тасагт харьяалагддаг. Дээрээс нь сэтгэл зүйч гэхээсээ илүү урлаг уран сайхан, спортын аливаа арга хэмжээг зохион байгуулах л үүрэгтэй мэт ерөнхий ойлголт байдаг нь өрөөсгөл санагддаг юм.
Ярилцлагынхаа төгсгөлд та юуг онцлох вэ?
Зэвсэгт хүчинд алба хааж байгаа бүхий л хүмүүст, “Соёмбо” сонины нийт уншигчдад шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье. Түүнчлэн Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 110, Зэвсэгт хүчний 100 жилийн түүхт ой тохиосон торгон мөчид эх орноо төлөөлж Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөн хилийн чанадад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэндээ баяртай байна. Нэг хамт олон болж, үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн хамт олноороо бахархаж байна. Тиймээс X ээлжийн мотобуудлагын батальоныхоо удирдлага, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Ярилцсанд баярлалаа. Танд бас ажлын их амжилтыг хүсье.
Хошууч Д.Мэндбаяр "Соёмбо" сонин
АДМИН








Нийгэм







