Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт гурван ширхэг барилга шатжээ.
Тэгвэл үйлдвэр шатсанч иргэдэд шахмал түлшийг зарж борлуулахад ямар нэгэн асуудал үүсэхгүй талаар “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар мэдээллээ.
Тэрбээр: “Баруун бүсийн шахмал түлшний үйлдвэрт нийт 4 үйлдвэр ажилладаг. Энэ 4-н үйлдвэрийн 1-р үйлдвэрт нь үүрийн 04.00 цагт хатаах шугамд гал эхэлж гарсан. 1-р үйлдвэр нь үндсэн гурван шугамтай, үүний 3-р шугамд гал гарсан. Онцгой байдлын аврах ангийхан 06.30 цагт галыг бүрэн унтраасан.
Гал гарсан 1-р үйлдвэрийн нэг шугам өнөөдрөөс ажиллагаагүй болж байна.
Зүүн бүсийн зургаан шугамны нэг шугам ажиллагаагүй байсан учир түлшийг нөхөх зорилгоор тус шугамыг нөөцлөн ажиллуулж эхэлсэн. Ингэж түлшний хангалтыг хэвийн үргэлжлүүлэхээр болсон. Түлшний нийлүүлэлт бол саатах зүйл байхгүй хэвийн явагдаж байгаа. Нэг шугам өдөртөө 150 тонн түлш үйлдвэрлэдэг хүчин чадалтай. Зүүн болон баруун бүсийн үйлдвэр нийлээд өдөрт 3000-3600 тонн түлш үйлдвэрлэж, нийлүүлдэг.
Хатаах шугамын хувьд 180 градуст түлшийг хатаадаг, бага зэргийн өөрчлөлт гарахад гал гарах өндөр эрсдэлтэй гэж үздэг. Манай үйлдвэр дотроо галын гурван машин, гал унтраах 25 бие бүрэлдэхүүнтэй. Тухайн бие бүрэлдэхүүн гал гарсан үед цаг алдалгүй галыг тогтоох үүрэгтэй. Энэ ч үүргийн дагуу өнөөдөр галыг алдалгүй унтраалаа. Гал гарсан шугамыг 14-21 хоногийн дотор засварлахаар тооцож байна" гэлээ.
АДМИН








Нийгэм







