“Хүний эрүүл мэнд байгалиас, Байгалийн эрүүл мэнд хүнээс” гэсэн уриаг дэвшүүлэн Улаанбаатар хотын анхны эко дэлгүүр нээгджээ. Тэд одоогоор 30 гаруй байгууллага болон хувь хүнтэй хамтран ажиллаж, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг дэлгүүртээ борлуулдаг. Тус дэлгүүрийн тавилга, чимэглэл 90% хог хаягдлыг сэргээн засварлаж, дахин ашиглаж хийсэн. Мөн гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг худалдаалж, хүүхдүүд, эмэгтэйчүүдэд хог хаягдлыг дахин ашиглах талаар сургалт явуулдаг байна. Дэлгүүрийн үүсгэн байгуулагч Г.Гантулга хэлэхдээ “Eco life Mongolia брэндийг үүсгэж, хэрэглэгчээ бэлдэхийн тулд хог хаягдлыг хэрхэн дахин ашиглах талаар олон төрлийн мэдээ, мэдээлэл бэлтгэж хэрэглэгчээ сургаж ирсэн” тухайгаа ярилаа.
Eco life Mongolia дэлгүүрийн үүсгэн байгуулагч Г.Гантулга: “Эко лайф Монголиа брэндээ үүсгээд бид 4 жил болж байна. Дэлгүүрээ нээгээд 4 сар болж байна. Манайх ковидын хүндхэн үед нээгдсэн. Дэлгүүрээ нээсэн хүнд цаг үед хил гааль хаагдсан болохоор бараа материал, барилгын материал үнэ маш их өссөн. Гэсэн ч бид энэ эрсдэлээс айлгүйгээр бизнес эрхлэгчид болон залуу үедээ уриалж, хоёрдогч түүхий эд буюу хог хаягдал ашиглан дэлгүүрээ байгуулж чадлаа. Өнөөдрийн байдлаар ингэж тохижуулсан дэлгүүр Монголдоо анхных гэж харж байгаа. Манайх шиг эко бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүд байдаг хэдий ч бид орчин нөхцөлөө хоёрдогч түүхий эд ашигласан гэдгээрээ давуу талтай. Бид мөн дэлгүүрээс гадна, сургалтын үйл ажиллагаагаа гол болгодог. Ялангуяа хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагааг маш их явуулж байна. Хэд хэдэн сургууль, цэцэрлэгтэй хамтран ажиллаж, багш нарыг нь хог хаягдлын менежментийн чиглэлээр сургаж байгаа"
Eco life Mongolia дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Намуун: "Бид ээжүүд болон хувь хүмүүсийг дэмжиж ажилладаг. Яагаад гэхээр хил хаагдсан энэ хүнд цаг үед бид илүү өөрсдийн ур чадвараа гаргаж, бие биенээ дэмжиж ажиллах ёстой гэж харж байгаа. Жишээ нь Туул голийн эрэг дээр амьдардаг байсан гэр бүл хүүхдүүддээ хаягдал модоор тоглоом хийж өгсөн. Тэдний хийсэн тоглоом маш сонирхолтой байсан болохоор өнөөдөр брэнд бүтээгдэхүүн болчихсон байна. Тоглоход маш хөөрхөн, бас их чанартай харагдаж байгаа биз. Хэрэв 2 хүүхэдтэй бол үүнийг уралдуулж тоглож болно. Мөн бид хог хаягдлыг бууруулахаар хүүхдийн сокны шилийг дахин ашиглаад дотор нь арьс арчилгааны бүтээгдэхүүн хийж зардаг. Мөн сонингийн цаасны хаягдлыг их ашигладаг. Бид хаягдлаа цуглуулах үедээ цахим хуудастаа зар оруулахаар өвөө нар ихэвчлэн уншсан сонингоо авч ирж өгдөг"

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг
АДМИН








Нийгэм






