Монгол улсын Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Цахим хуралдаанд Сангийн яам, Зам тээврийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Хятад улсад суугаа Элчин сайд, Эрээнд суугаа Консул болон Улаанбаатар Төмөр зам, Гаалийн ерөнхий газар, Хилийн цэргийн удирдах газар, Татварын ерөнхий газар, ХЕГ, ЦЕГ, Тагнуулын ерөнхий газар, ШӨХТГ, Цагдаагийн байгууллагын удирдлагууд, албаны хүмүүс оролцлоо.
Хуралдаанаар Замын Үүд боомтод хэрэгжиж байгаа экспорт импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явцын талаар ажлын хэсгийн гишүүдийн мэдээллийг Шадар сайд сонсож, холбогдох яамдын болон агентлаг, орон нутгийн удирдлагуудад хандан чингэлэгтэй ачаа тээврийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, хэт хөөрөгдсөн үнэ ханшийг тогтворжуулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн ажиллах, олон нийтэд үнэн бодитой зөв мэдээлэл хүргэх талаар тодорхой үүрэг даалгавар өглөө.
Замын-Үүд боомтод ажиллаж байгаа Дэд ажлын хэсгийн ахлагч, Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Замын Үүд боомтоор Эрээн хотоос 60 чингэлэгтэй ачаа, бараа бүтээгдэхүүн татан авч, тээвэр ложистикийн бүсэд байршуулсаныг дурьдаад, цаашид энэ тоог өсгөн ажиллахыг зорьж ажиллаж байна.
Хил дундын “0” цэгээс зөөвөрлөгдөн Гаалийн бүс, ложистикийн төвд буусан чингэлэгтэй ачааг, галт тэрэг болон автомашинд сэлгэж ачиж, чингэлэгийг буцаах нөхцөлтэйгээр тээвэрлүүлэхэд гарах замын зардлын тооцоо харьцангуй бага гарч байгаа” гэдгийг онцоллоо.
Шадар сайд “Зам тээврийн яам, ХЦУГ, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллагууд хамтран Ажлын хэсгийн зохион байгуулж байгаа ажлуудыг тоймлон, тухайн өдөр хилээр нэвтэрсэн болон Улаанбаатар хот руу төмөр зам, авто замаар ачигдан гарч буй ачаа барааны тоо хэмжээ, нэр төрөл, тээврийн зардлын үнэ өртөгийн талаарх мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраар дамжуулан өдөр бүр олон нийтэд хандан хүргэж байх”-ыг үүрэг болголоо. Түүнчлэн үндэслэлгүйгээр болон үгсэн хуйвалдах замаар ачаа тээврийн үнэ нэмэх зэрэг зохисгүй үйлдлийг тагнуул, цагдаа, шударга өрсөлдөөнтэй тэмцэх байгууллагууд шалган тогтоох, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох арга хэмжээг авч ажиллахыг санууллаа.
Мөн Алтанбулаг зэрэг хойд болон баруун бүсийн хилийн боомтуудаар дамжуулан Монгол улсын иргэд, жолооч нар өөрсдийн автомашинаар ОХУ болон Европ, Дундад Азийн улс орнууд руу экспорт, импортын ачаа барааг тээвэрлэх боломжийг олон улсын тээвэр зуучийн компаниудтай холбогдож, судлан танилцуулахыг Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвд даалгалаа.
АДМИН








Нийгэм






