Уншигч та бүхэнд нэгэн сонирхолтой зочдыг танилцуулах гэж байна. Зэвсэгт хүчин болон Хилийн цэрэгт хугацаат цэргийн алба хааж байгаа ихэр залуус болох Б.Энхсайхан, Б.Энхбат нарын тухай. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар аймгийн харьяат тэдгээр залуус 2021 оны 09 дүгээр сард цэргийн зарлан ирэхэд нь л баярлаж, багаас хүсэж мөрөөдөж явсан хугацаат цэргийн албаа хаахаар үзлэгээр орж. Тэнцгээж. Төрснөөсөө хойш алхам тутамдаа ч холдож үзээгүй хоёр аймгийнхаа ЗДТГ-ын Цэргийн штабынханд ихэр гэдгээ уламжилсан ч хуваарилахдаа Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, Хилийн цэргийн 0214 дүгээр анги гэсэн шийдвэр гарсан байжээ. Ихрүүд анх салгаж хуваарилахад нь сэтгэл дундуур байсан ч хожим энэ нь зөв байсан, бие биеэ дааж сурахад энэ шийдвэр чухал нөлөө үзүүлсэн гэж байсан юм. Ихэр байлдагч нартай тус, тусынх нь салааны захирагч нараар нь дамжуулан утсаар холбогдлоо.
Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн байлдагч, Б.Энхсайхан “Цэргийн алба дасахад хатуу ч дассан хойно зөөлнөөс зөөлөн юм. Сайхан нөхөдтэйгөө түшилцэж туулдаг ганцхан жилийг одоо эргээд бодоход богинохон байна. Анх ирэхдээ жагсаалаар ч алхаж чадахгүй будлиад дээрээс нь ихрээ санаж бэтгэрээд хэцүү л байлаа. Өнөөдөр харин “Би байлдагч” гэж хэлэх эрхтэй эх орны хүү болсон гэдэгтээ эргэлзэхгүй байна. Цэргийн албанаас олон зүйлийг сурч мэдэж байна. Цэргийн эрдэм мэдлэгээс гадна хүн байх утга учир, захирч захирагдах ёсон, өөрийгөө хөгжүүлэх чадвар, найзалж нөхөрлөхийн үнэт чанар гээд тоочвол их олон. Мэдээж ихрээ санаж байна. Ээжийнхээ хэвлийд хамтдаа бойжиж, энгэрт нь хамтдаа өсөн торнисны хувьд саналгүй яах вэ. Гэхдээ цэргийн алба хэмээх эр хүний бахархал болсон албанд байгаагийн хувьд санаа зовох зүйл алга. Саяхан ангиас маань холбож өгсөн, манай залуу их сайхан харагдаж байна лээ” гэлээ. Тэрээр ихрийгээ бусдын арга эвийг амархан олж чаддаг, ажилд их сайн, бусдыг их өрөвдөж хайрладаг, өр зөөлөн залуу гэж тодорхойлж, халагдаад уулзахдаа баруун хацрыг нь үнсэнэ гэлээ. Байлдагч Б.Энхсайханы хувьд морин хуураар хичээллэдэг, СУИС-ийн Хөгжмийн сургуульд суралцаж байгаад цэргийн албанд иржээ.
Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн байлдагч Б.Энхбат “Хилийн цэрэгт алба хааж байгаадаа баяртай байна. “Өглөө бүрий нь амгалан байлгах гэж өндрийн харуулд цэрэг эрс зогсоо байна” гэдэг шиг торгон хил дээр албаа хааж байгаа минь том хувь тохиол юм. Ирснээс хойш ээжийгээ бага зэрэг санаж, ихэртээ албандаа дасаж байгаадаа гэж санаа зовсон. Миний сайхан ээжийг Д.Оюунтуяа гэдэг, багш хүн бий. Бид эхээс долуулаа. Ээж минь хөвгүүдээ бүгдийг нь хугацаат цэргийн албанд нь явуулсан эх оронч эмэгтэй гэж хэлж болно. Миний хувьд хугацаат цэргийн албанд өөрийн хүсэлтээр татагдсан нь хамгийн зөв алхам байсан. Учир нь цэргийн албанд хүний амьдралд хэрэг болох олон чадварыг дарга нараасаа суралцаж, найз нөхөдтэйгөө хамт хөгжиж байна. Цэргийн алба хаасан нэг жил миний амьдралд тодоор үлдэж, нэгэн гэрэлт хуудас нээх болно гэдэгт итгэдэг. Удахгүй гарах бар жилд цар тахал бүр мөсөн арилж, хүн зоны минь магнай тэнэгэр, айх айдасгүй, энх тунх аж төрөх болтугай л гэж хүсэх байна” гэв. Түүний цэрэгт ирснээр хамгийн омогшил, бахархал авдаг болсон зүйл нь Төрийн далбаа мандуулах ёслол болон оройн тоо гэнэ. Мэдээж сурсан эрдэм, төлөвшсөн сайхан чанарууд их бий. Тэр бүрийг ярихаар өөрийгөө магтаж байгаа юм шиг санагдаж байна гээд цааргалах талдаа санж. Ихрийнхээ тухайд бусадтай их нийцтэй, хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй гэж тодорхойлоод албаа нэр төртэй хаагаарай гэж дамжууллаа.
Ахлах дэслэгч Д.БОЛОР
АДМИН








Нийгэм






