УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар УИХ-ын гишүүд тойрогтоо Цагаан сарын хэвийн боов болон бусад хүнсний багц тараасан явдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: "УИХ-ын гишүүн Т.Доржханд, УИХ-ын гишүүн С.Одонтуяа бид хоёр Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар хэвлэлийн хурал хийж байна. Хэвийн боов, эд өлгийн зүйл тараах замаар сонгогчдын санал худалдаж авдаг байдал хавтгайрлаа. Ул боов, бэлгийн багц тараадаг, санал худалдаж авдаг энэ зүйл хавтгайрлаа. Ердөө хоёрхон сарын өмнө Монгол Улсын 2022 оны төсөв батлагдсан байдаг. Гэтэл төсөвт үр ашиггүй зардал, хавтгайруулсан халамжийн бодлого хэвээр байна. Богд Зонховын асуудал өнөөдрийг хүртэл яригдаж байна. Цар тахлын үе мөн Монголчуудын гурван хүний хоёр нь ажилгүй ядууралтай ийм тохиолдолд Богд Зонхов мэтийн цемент зуурна. Тэгсэн мөртлөө ядуу иргэд, ахмадууддаа Цагаан сараар нь боов, гурил тараадаг ийм зүйлийг бид хязгаарлахгүй бол болохгүй нь ээ. Үүнтэй холбоотой бид Улсын их хурлын Сонгуулийн тухай хуульд дараах өөрчлөлтийг оруулах хэрэгтэй.
Хуульд ямар өөрчлөлт оруулах вэ гэвэл:
Хэрэв та УИХ-ын гишүүн болсон бол ямар нэг эд өлгийн зүйл тараахгүй. Цагаан сараар хэвийн боов тараахгүй. Хэрэв тараасан бол дахин сонгогдох эрхгүй болно. Мөн танд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн зохицуулалтыг хуульд оруулах санал нэгдлээ. Энэ заалт УИХ-ын сонгуулиас гадна шат шатны сонгогддог албан тушаалтнууд болох аймаг, нийслэлийн ИТХ-ын гишүүдэд хамаарна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд энэ агуулга хамаарна. Бид саналаа нэгтгээд УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллана.
Иргэдэд ажлын байр, тогтмол орлого хэрэгтэй. Сонгуульд зориулсан нэг удаагийн бэлэг хэрэггүй. Тиймээс тогтолцооны өөрчлөлт маш чухал байна. Тойргоос хамааралгүй, улс орны хөгжлийн том чухал асуудал дээр монголчууд нэгддэг болох тогтолцооны шинэчлэлийг хийе. Бодлогоороо өрсөлддөг, бодлого нь иргэддээ орлого болж ирдэг өөрчлөлтийг оруулахын тулд УИХ-ын бусад гишүүд маань дэмжиж хамтарч ажиллана гэж найдаж байна. Хэвийн боов тараадаг биш, бодлого ярьдаг Парламенттай болохын тулд тогтолцооны өөрчлөлт хийх цаг болсон" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Миний бие өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Доржхандын хамтаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал санаачилга гаргаж байна. Сүүлийн үед УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо бэлэг тарааж байгаа энэ явдлыг цахим орчинд илт шүүмжилж байна. Нэг удаагийн бэлэг тараалт, нэг хүний асуудал шийдэх биш. Улс орны асуудлаа дорвитойхон шийдэх хэрэгтэй, нэг удаагийн бэлэг өгөхөөс илүү бид нарын тэтгэврийг нэмээч ээ. Энэ тэтгэврээр цаашид амьдрах ямар ч боломжгүй боллоо. Энэ утааны асуудлыг шийдээч, түгжрэлээ шийдээч, эмнэлэг сургууль бариач зэрэг асуудлыг тавьж байна. Өөрөөр хэлбэл, сонгогчдын боловсрол ингэж дээшилсэн байхад улстөрчид бид шийдэл гаргахгүй, ийм байж болохгүй. Бэлэг тараах асуудал өөрөө сөрөг үр дагавартай байдаг. Иймд УИХ-ын гишүүд бид сонгуулийн хуулиа улам боловсронгуй болгож, улс орныхоо хөгжлийг зөв гольдрил руу оруулахад шийдэл гаргах хэрэгтэй байна. Иймд бусад УИХ-ын гишүүдээ бид хоёртой нэгдэж сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах энэ асуудлыг дэмжээч ээ гэж уриалмаар байна" хэмээлээ.
АДМИН








Нийгэм







