Dark Light
Нийгэм | 2022-02-01

Цагаан сараар тандалтын баг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд биш, гэртээ тэмдэглэхийг уриалж буй. Баярын өдрүүдэд цагдаа, онцгой, эрүүл мэндийн байгууллага, ямар зохион байгуулалтаар хэрхэн ажиллах болон иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

Гол мөрний мөсөн дээгүүр бүү зорчоорой

Сар шинийн баярын үеэр гал түймэр, аваар ослоос сэргийлэхийн тулд дараах зүйлст онцгойлон анхаарахыг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

-Цагаан сарын баяраар нийслэлээс хөдөө орон нутаг руу, хөдөөнөөс хот руу зорчих иргэдийн тоо нэмэгддэг. Алсын замд зорчихдоо жолооч нар онцгойлон анхаарах зүйл бол авто техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн анхаарал болгоомж, ур чадвар, хариуцлага байдаг. Тиймээс алсын замд хайртай, дотно хүмүүсээ, гэр бүлийнхэнтэйгээ явж байгаагаа ямагт санан, машид болгоомжтой зорчихыг сануулж байна.

Иргэд зам товчлох, цаг хожихын тулд гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөс цөмрөх, автомашинтайгаа живэх тохиолдол гардаг. Энэ жилийн хувьд цаг агаар харьцангуй дулаан байгаагаас гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй, мөсний  даац зарим газраа тээвэр хийх хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөсөн дээгүүр бүү зорчоорой. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс мөс нимгэн, зорчих боломжгүй аюултай газруудад тусгай тэмдэг, тэмдэглэгээг байршуулсныг анзаарч явахыг санууллаа. Мөн бага насны хүүхдийг нуурын мөсөн дээр тоглуулахгүй, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Түүнчлэн аюул, осолд өртсөн иргэн аврах багийн болон эмнэлгийн яаралтай тусламж авахын тулд өөрийн байгаа газрынхаа байршлын хаягийг үнэн, зөв өгөх нь хамгийн чухал байдаг.  Иргэд, малчид цасан болон шороон шуурганы үеэр төөрөх, малтайгаа уруудах, нуур, усанд живэх, цасанд суух, зүг, чигээ алдах, төөрөх зэрэг эрсдэлт нөхцөлд өөрийн байгаа хаяг, байршлаа тодорхой хэлж мэдэхгүйгээс яаралтай тусламж авч чадалгүй эрсдэлд өртөх, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гардаг. Онцгой байдлын байгууллагад иргэдээс ирдэг дуудлагын 40 орчим хувийг хаяг, байршил нь тодорхойгүй дуудлага эзэлдэг бөгөөд иргэд хөдөө нутгийг зорин зорчихдоо хаяг тодорхойлох шинэ технологи ашиглах, байршил тодорхойлох аппликэйшнийг гар утсандаа суулгаж явах нь эрсдэлээс сэргийлэх нэг алхам гэдгийг анхаарууллаа.

Ахмад настан, архаг, хууч өвчтэй хүмүүс халдвар авах эрсдэл өндөртэй

НЭМГ-ын Зонхилон тохиолдох халдварт өвчний тандалт, зоонозын халдвар хариуцсан мэргэжилтэн Г.Дашдаваа Цагаан сарын баярын өдрүүдэд халдвараас сэргийлэх талаар ийн зөвлөмж өгч байна.

-Гэр бүлийн хүрээнд Цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлье гэсэн уриалга их ач холбогдолтой. Нийслэлд төдийгүй хөдөө, орон нутагт ч коронавиурсийн омикрон хувилбарын халдварын тархац их байна. Иймд Цагаан сарын үед халдварыг олон нийтийн дунд тархаахгүй, урьдчилан сэргийлэхийн тулд халуун ам бүлээрээ Цагаан сарыг тэмдэглэх нь хамгийн зөв шийдэл. Ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насны ахмадууд болон  архаг, хууч өвчтэй хүмүүст халдварын эрсдэл өндөр байна. Цагаан сарын үед айлд зочлохдоо настай хүмүүстэй эхэлж золгодог. Настай хүн халдвар авах эрсдэл өндөртэй байдаг гэдгийг бүү мартаарай. Түүнчлэн айлд зочлохгүй, зочлохоор явсан ч хүүхдүүдээ дагуулахгүй байхыг уриалмаар байна.  Харин зайлшгүй тохиолдолд золгуут хийх үедээ хүүхэд багачуудыг  үнсэхгүй байх хэрэгтэй.

Мөн халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ сайн барих, бага насны хүүхдийг аль болох гадуур дагуулж явахгүй байх нь чухал. Цагаан сарын өдрүүдэд тандалтын баг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллаж байгаа. Тиймээс халдварын шинж тэмдэг илэрвэл Өрхийн эрүүл мэндийн төвийн утсанд хандаж зөвлөгөө авч болно. Мөн дархлаажуулалтын цэгүүд дүүрэг бүрд ажиллаж байгаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10