Нийслэлийн Засаг даргын барилга орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар болон холбогдох албаны удирдлагуудын хамтаар өнөөдөр Сонгонохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд ажиллалаа.
Тус хороонд ашиглалтын шаардлага хангахаа больсон хэд, хэдэн барилга, байгууламж байдаг бөгөөд 1-48, 2-48, 4-48 дугаар байрнуудыг буулган, дахин барилгажуулах төсал хөтөлбөрийг эхлүүлэхээр болсон. Тиймээс өнөөдөр тус орон сууцнуудад оршин суудаг 144 өрхийн төлөөллүүдийн санал хүсэлтийг сонсон, холбогдох удирдлагуудтай дахин төлөвлөлт, барилгажуулах ажлыг хэрэгжүүлэх, үе шаттай төлөвлөгөөг боловсруулах талаар хэлэлцлээ.
Эхний шатанд Нийслэл, дүүргийн холбогдох албаны хүмүүстэй санал солилцон, төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган 1-48, 2-48, 4-48 дугаар орон сууцнуудын үнэлгээг гаргах, барилга буулгаж, барилгажуулах хугацаанд эрсдэлийг тооцож, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо. Ашиглалтын шаардлага хангахгүй 1960 оноос өмнөх нийтийн зориулалттай орон сууцнуудыг дахин төлөвлөх төсөл хөтөлбөрийг энэ онд багтаан хэрэгжүүлэх бөгөөд эдгээр барилгууд дахин төлөвлөлтөл орж, шинэчлэгдсэнээр олон өрхийн амьдрах орчин нөхцөл сайжрах бүрэн боломжтой юм.
АДМИН








Нийгэм







