Сүүлийн жилүүдэд цахимаар залилах гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна.
Бага насны хүүхдийн өвчтэй байдлыг далимдуулж зургийг нь ашиглан хандив хүсэж иргэдийг залилсан этгээдийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Ганбаяр: "Сэлэнгэ аймгийн харьяат тодорхой эрхэлсэн ажилгүй, 22 настай эмэгтэй Г нь 2020 оны 3-сараас 6 дугаар сарын хугацаанд бага насны, амьсгалын аппараттай хүнд өвчтэй хүүхдийн зургийг хууль бусаар ашиглан олон нийтийн сүлжээнд байршуулан бусдыг төөрөгдөлд оруулж улмаар хандив нэрийдлээр одоогийн байдлаар 300 гаруй хүнээс өөрийн дансаар мөнгө авч бусдыг залилсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байсныг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.
Залилах гэмт хэргийн 87.1 хувь нь санаатай хэлбэрээр бусдыг төөрөгдөлд оруулж, урьд олж авсан итгэлийг урвуулан ашиглах, хуурч мэхлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авах, биелэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэх, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдүүлж санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.
Иймд иргэд та бүхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан хандив тусламж гуйсан нийтлэлийг нягтлан шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
АДМИН








Нийгэм







