Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2022 оны гуравдугаар хурлыг хуралдууллаа. Хурлаар
-ОББҮХ-ны 2022 оны үйл ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөө
-ОББҮХ-ны 2022 оны худалдан авах үйл ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөөг тус тус баталлаа.
ОББҮХ-ны 2022 оны төсвийн шинэчилсэн төлөвлөгөөнд төлөвлөсөн ажлыг хувиар тооцоолбол,
Он дамнасан нийт ажил 14.4 хувь
Ногоон байгууламж 5 хувь
Ногоон зээл 3.9 хувь
Хог хаягдал 5.1 хувь
Хөрс 12.2 хувь
Агаар 54.3 хувь
Ажлын албаны дотоод ажил 1.6 хувь
Иргэд олон нийт, хэвлэл мэдээлэл 0.7 хувийг эзлэхээр туссан байна.
Мөн хуралдааны үеэр ОББҮХ, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран Улаанбаатар хотын 72 цагийн агаарын урсгалын зураглал хийснийг танилцууллаа. Үүнд хотын аль хэсгээс хамгийн их утаа ялгарч байгааг цагийн хуваарьт оруулан тооцоолж үзүүлсэн байна. Улаанбаатар хотын утааг бууруулах ажилд хамгийн том нөлөө үзүүлэх нь дэд бүтцийг хөгжүүлэх, орон сууцны дулаан алдагдалтыг бууруулах замаар яндангын тоог боломжит хэмжээнд нь бууруулах юм. Мөн автомашины янданд шүүлтүүр тавих, стандарт мөрдүүлэх шаардлага бий. Энэ талаар тооцоо судалгааны дүгнэлт гарсныг холбогдох мэргэжилтнүүд танилцуулж байлаа.
Хуралдааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Энэ долоо хоногоос томоохон ААН-үүдтэй уулзалт хийж эхэлж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд томоохон аж ахуйн нэгжүүд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд өөрсдийн хувь нэмрээ оруулах учиртай. Тиймээс ААН-үүдтэй үе шаттайгаар санамж бичиг зурж, хариуцлагажуулна. Одоогийн байдлаар “UB cub”-д нэгдсэн нийт 14000 гаруй такси үйлчилгээнд явж байна. Манай зүгээс энэ оны есдүгээр сар гэхэд таксинуудынхаа янданг бүрэн шүүлтүүртэй болгох санал тавьсан.
2021 оны байдлаар Улаанбаатар хотын төвлөрсөн зургаан дүүрэгт 195 мянга, Налайх, Багануур, Багахангайд нийт 210 мянган яндан байна гэсэн тоон үзүүлэлт бий. Энэ онд бид бусад холбогдох яамдуудтай хамтраад энэ тоог бууруулах чиглэлд ажиллана.
Дан ганц айл өрхийн дулааны үүсвэрийг олон эх сурвалжтай болгож, янданг цөөлөхөөс гадна нийтийн тээврийн үйлчилгааний автобус болон таксинуудын янданд шүүлтүүр тавих асуудал яригдаж байгаа. Шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр авто машинаас үүдэлтэй утааг 25-30 хувиар бууруулна гэж харж байна.
Мөн “Эрчим хүчний яам”-тай хамтран, цахилгааны тариф ялгамжтай мөрдөх “Яндангүй бүс” бий болгох,
Барилга, хот байгуулалтын яамтай хамтран барилга барьж байгаа хэсгүүдэд харуул, манаач, ажилчдын байранд гал түлэхийг болиулж, дулааны үүсвэрийг цахилгаанаар шийддэг болгох,
Гэр хороолол байсан газарт барилга байшин баригдаж байгаа, эсхүл гэр хорооллоос орон сууцанд орж байгаа айл өрхийн иргэдэд ипотекийн зээлийг илүү дутуу хүндрэлгүй, шуурхай олгох асуудлуудыг ярилцаж байна. Ингэж байж гэр хорооллыг багасна гэж үзэж байна” гэсэн юм.
Мөн “Таван толгой түлш” компанийн сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн үйл ажиллагааг цахимжуулах замаар худалдан авалт, түлшний хэрэглээний тандалт судалгааг хийхээр төлөвлөсөн байна. Үүнд үндэслэн тухайн хэсгүүдэд цахилгаан халаалт хэрэглэхэд зориулж эрчим хүчний үнийг бууруулах, хий газын хэрэглээг дэмжих, шалны халаалт зэрэг ухаалаг шийдэлд зориулсан хөнгөлөлттэй зээл олгох гэх мэт ажил хийх юм. Ингэснээр галлагаа багасаж, яндангийн тоо тодорхой хэмжээгээр буурах боломжтой гэсэн тооцоолол хийж байгаа аж.
Түүнчлэн Барилга, хот байгуулалтын дэд сайд, БОАЖ-ын дэд сайд нарын хамтарсан ажлын хэсэг бий. Тэд одоо эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан үйл ажиллагаа нь саармагжаад байгаа барилгын салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг урих, тодорхой хэмжээнд татан оролцуулах боломжтой тухай ч БОАЖ-ын сайд онцоллоо
АДМИН








Нийгэм







