Монгол Улсын шүүхийн 2021 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.
Өнгөрөгч онд эрүүгийн хэрэг 53 хувиар буурчээ.
Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг: “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ тайлант хугацаанд 12,068 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1,402 хэргээр буюу 10.4 хувиар буурсан дүнтэй гарсан бол давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхүүд 2,105 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 597 хэргээр буюу 22.1 хувиар буурчээ. Хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэргийн танхим тайлант хугацаанд 322 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 363 хэргээр буюу 53 хэргээр буурсан дүнтэй гарсан байгаа юм.
Анхан шатны шүүхүүдийн хянан шийдвэрлэсэн хэргийн 17.4 хувь нь давж заалдах шатны шүүхээр, давж заалдах шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн 15.3 хувь хяналтын шатны шүүхээр тус тус хянан шийдвэрлэгдсэн байна” гэлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа дараах мэдээллүүдийг танилцууллаа.
"Шүүх өмнөх онд 89,089 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Үүнээс анхан шатны эрүүгийн хэргийн 12,068, иргэний 45,444, захиргааны 1,764 хэргийг хянан шийдвэрлэжээ. 1,115 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллаж, 2,354 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 10.4 хувиар, иргэний хэрэг 15.3 хувиар тус тус буурсан. Захиргааны хэрэг 15.7, зөрчлийн хэрэг 4.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 53 хувиар, захиргааны хэрэг 66.8 хувиар буурсан дүнтэй гарчээ.
2021 онд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэг шүүгчид дунджаар 97.3 хэрэг, аймаг дахь дундын нэг шүүгчид дунджаар 77.4 хэрэг шийдвэрлэсэн байна. Өмнөх оноос дүүргийн нэг шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг 24.2 хувиар, аймаг дахь сум дундын нэг шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг 8.9 хувиар тус тус буурсан байна" гэлээ.
Гэрлэлт цуцлуулсан маргаан 3.6 хувиар өссөн
Дараах мэдээллйиг Шүүхийн статистик хариуцсан референт П.Ангарагсайхан танилцууллаа.
Тэрээр: "Иргэний хуулиар шийдвэрлэж байгаа маргааны дийлэнх хувийг гэрээ, үүрэгтэй холбоотой маргаан эзэлж байна. Иргэний хэрэг өмнөх онд 14.4 хувиар буурсан байна. Анхан шатны шүүхээр шийдвэрлэж буй хэргийн 5.6 хувийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийн 62.3 хувийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн.
Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэж буй маргаан 0.9 хувиар буурсан ч гэрлэлт цуцлуулсан маргаан 3.6 хувиар өссөн байна. Иргэний хэрэг маргаан 14.3 хувиар буурсан ч тайлант хугацаанд зарим хэрэг маргаан өссөн. Тухайлбал, худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан 7,871 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 303 хэргээр буюу 4 хувиар өссөн" гэлээ.
АДМИН








Нийгэм







