Dark Light
Нийгэм | 2022-02-22

Үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны 03 дугаар сард НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон Далайн Бүсийн 36 дугаар бага чуулга уулзалт зохион байгуулагдана. Тус бага чуулга уулзалтад амжилттай, үр дүнтэй оролцох зорилгоор Үндэсний зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгууллаа. Тус уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

 

“Сүүлийн хоёр жил дэлхий нийтээрээ цар тахлын улмаас эрүүл мэнд, эдийн засгийн хүндрэлтэй тулгарч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын бүсийн чуулга уулзалтууд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байсан бол энэ удаагийн уулзалт цахим болон биеэр оролцох хосолсон хэлбэрээр болохоороо онцлогтой. Мөн түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох асуудал хүнс-хөдөө аж ахуйн системийн хувьд улс орон бүрд, Ази, Номхон Далайн бүс нутагт ч өргөнөөр яригдаж байна. Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-т “Хүртээмжтэй, өрсөлдөх чадвартай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнс-хөдөө аж ахуйн систем бий болгох” зорилтыг тусгасан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийг хангах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэсэн үндсэн 2 чиглэлээр мал аж ахуй, газар тариалангийн салбарын бодлогодоо тодорхой зорилтуудыг тусган хэрэгжүүлж байна. Мөн E-agriculture буюу Цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх асуудал дээр тус яамнаас ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн энэхүү Үндэсний зөвлөлдөх уулзалтын үеэр Ази, Номхон Далайн Бүсийн 36 дугаар бага чуулга уулзалтын талаар та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, танилцуулга хийх бөгөөд ХХААХҮ-ийн Дэд сайдын оролцох Сайд нарын уулзалт, өндөр дээд хэмжээний дугуй ширээний уулзалтуудад тусгах та бүхний санал бодлыг авах бөгөөд өнөөдрийн хуралд чөлөөтэй идэвхтэй оролцохыг уриалж байна” гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн Т.Жамбалцэрэн нээлтийн үеэр хэллээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 36 дугаар бага хурал нь тус бүсийн болон гишүүн орнуудын тэргүүлэх чиглэлүүд, Ковид 19 цар тахлын нөлөө, хүнсний аюулгүй байдал, шим тэжээл, хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн менежмент зэрэг салбарт тулгамдаж буй сорилтуудыг хэлэлцэх зорилготой. Тус бага хурлаар бүс нутгийн хэмжээнд хүнсний болон аюулгүй байдал, шим тэжээлийг сайжруулахад шаардлагатай хамтын ажиллагаа, шинэ санаачилга болон цахим технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжуудыг ярилцах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10