Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдааны дараа ГХЯ-ны Сайд Б.Батцэцэг тус улсад байгаа Монгол иргэдээ хэрхэн татан авах талаар мэдээлэл өглөө. Тэрээр: "Украин улсад манай улсын 68 оюутан суралцдаг. Мөн 22 иргэн байнгийн оршин суудаг. Бид нэг сарын өмнөөс эрсдэлийн төлөвлөгөө гарган тус улсад оршин сууж байгаа Монгол иргэддээ, эх орондоо ирэх талаар санал тавьж, зөвлөмж хүргүүлж ажилласан. Байнгын оршин суудаг 22 иргэний хувьд одоогоор эх орондоо ирэх хүсэлт гаргаагүй байна. Зөвлөмжийн дагуу 41 оюутан эх орондоо ирсэн. Үлдсэн 27 оюутныг авах талаар хэлэлцлээ. Украин улсын зарим сургуулийн хувьд чөлөөлөх зөвшөөрлийг шаардсан. Бид өнөөдрөөс бичгээ явуулахаар төлөвлөж байсан ч харамсалтай нь Монголын цагаар өнөөдөр 12 цагийн үед дайралт эхэлсэн. Дээрх оюутнуудын хувьд айсан, сандарсан байдалтай байна. Бид холбогдож байгаа. Хамгийн боломжтой шуурхай байдлаар иргэдээ татан авахын төлөө ажиллана. Одоо олон улсын нислэгүүд цуцлагдсан байдалтай байна. Бид эхний ээлжинд хоёрдугаар сарын 26, 27-ны нислэгт 21 суудал захиалчихсан байгаа. Оюутнуудын зардлыг нь төлөөд авч ирье гээд зардал мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулсан. Мөн зургаан оюутныг дараагийн ойрын нислэгт захиалсан. Нислэгээр ирэх боломжгүй тохиолдолд газраар буюу Польш, Чех, Унгар улсын аль нэгээр дамжуулан авахаар төлөвлөж байна" хэмээлээ.
АДМИН








Нийгэм







