Энэ сарын 03-нд Ховд аймгийн Жаргалант суманд менингококкийн халдварын нэг тохиолдол батлагдлаа. Эрүүл мэндийн байгууллагаас хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Менингит нь менингококкоор үүсгэгддэг, маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй, аль ч насны иргэд, ялангуяа 0-5 насны хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэй халдварт өвчин тул дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмч, эмнэлэгт хандахыг анхааруулж байна.
Менингококкт халдвар нь "Neisseria meningitidis" нянгаар үүсгэгддэг, богино хугацаанд хүндэрч болзошгүй юм. Ялангуяа нярай, бага насны хүүхдэд хурдан явцтай илэрдэг. Бага насны хүүхдэд илрэх шинж тэмдэг:
- 38°С-аас дээш халуурах
- Уйламтгай, тайвшрахгүй байх
- Хөхөө муу хөхөх, хоолонд дургүй болох
- Бөөлжих
- Нойрмоглох эсвэл сулрах
- Арьсан дээр ягаан, хөхөвтөр жижиг цусархаг тууралт гарах (даралтаар арилахгүй)
- Толгойн зулай товойх (нярайд)
- Гар, хөл хүйтэн болох
- Таталт өгөх
Анхаарах: Тууралт нь эхэндээ жижиг цэг хэлбэртэй гарч, богино хугацаанд томорч, тархах боломжтой.
Хэрэв дээрхээс нэг болон хэд хэдэн шинж тэмдэг илэрвэл:
- Яаралтай түргэн тусламж дуудах,
- Хамгийн ойрын эмнэлгийн байгууллагад нэн даруй хандана уу.
Менингококкт халдвар нь цаг, минуттай уралддаг өвчин тул эрт оношлуулж, эмчлэх нь амь насыг аварна. Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ биеийн байдлыг анхааралтай ажиглаж, эргэлзээ төрсөн тохиолдолд өөрөө эмчлэх гэж оролдохгүйгээр мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм









