Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн асуудалд онцгойлон анхаарал хандууллаа. Тэр дундаа Гэр бүлийн хуулийг өргөн барьж батлуулах, хүүхэд хамгааллын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүүхэдтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг боловсронгуй болгож хүүхдийн эрхийг хамгаалах, энэ чиглэлээр ХЗДХ-ийн яамны харьяа байгууллагууд хууль сахиулах байгууллагууд онцгой анхаарч ажиллах, энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, дүрэм журмуудын судалгааг хийх, зохих арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг ХЗДХ-ийн сайдад даалгалаа. Мөн өнөөдрийн хуралдаанаар олон улсын болон дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг авч хэлэлцлээ. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяаллын иргэн ялгаваргүйгээр Эрүүгийн тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу хамгаалагдах ёстой.