МАН-ын Бага хурлын үеэр УИХ дахь бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн улс төрийн нөхцөл байдал, Засгийн газрын хамтрал үргэлжлэх эсэхтэй холбоотойгоор дараах байр суурийг илэрхийллээ.
“Засгийн эрх барьж буй нам том эрх ашгаа нэн тэргүүнд тавих ёстой. Ард түмний өмнө өгсөн амлалтаа биелүүлэх хариуцлага бидэнд бий. Одоо жижиг сажиг албан тушаалын асуудал ярих цаг биш. Хэн Ерөнхий сайд байх нь ч, хэн аль намд орох нь ч хамаагүй. Чухамдаа Монгол Улсын эрх ашиг л хамгийн чухал юм.
Үндсэн хуулийн 2019, 2023 оны нэмэлт өөрчлөлтүүд ч энэ утгыг агуулсан. Хүссэн хүсээгүй намууд хамтрах шаардлагатай болсон. Тийм ч учраас хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Харин одоо үүнийг тарааж, дангаараа засаг барина гэх нь улс төрийн тогтворгүй байдалд хүргэх эрсдэлтэй.
Ард түмэн өнөөдөр талбай дээр гарч шаардлага тавьж байна. Тэднийг буруутгаж болохгүй. Харин ч зөв зүйлийг шаардаж байна. Үнэндээ үүсээд буй нөхцөл байдал бол том сорилт, хариуцлагын шалгуур. Бид том зорилгоо харж урагшлах ёстой. МАН-ын дотор ч зарим залуу гишүүд “дангаараа засаглах ёстой” гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ энэ бол улс төрийн туршлага дутуугийн шинж, нэг ёсны ‘нялхсын өвчин’ юм.
Засгийн газрын огцролт, бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай яриа гарч буй нь үнэн. Гэхдээ би хувьдаа ингэж их улс төржих нь зохимжгүй гэж үзэж байна. Хамгийн том эрх ашиг бол Монголын эрх ашиг. Энэ зарчмаар л урагш явах ёстой.” хэмээн тэрбээр хэллээ.