Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ:
"Тархи яагаад гадагшаа гоожоод байна вэ? Энэ бол монгол хүний нэг цагт бүтээж байгаа бүтээмж, цалин хөлсний асуудал юм байна. Монгол залуус эх орондоо ажиллаж, амьдрах, хөдөлмөрлөх хүсэл, тэмүүлэлтэй. Гэвч өнөөдөр монгол хүний нэг цагийн цалин (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр) ердөө 1 доллар 10 цент байгаа.
Энэ нэг цагийн хөлсийг багадаа 5-8 ам.доллар болгох шаардлагатай. Тэгж байж хүмүүс эх орондоо ажиллаж, амьдрах хүсэлтэй болдог. Тооцооллоор, дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ногдохдоо 12-17 мянган ам.долларт хүрсэн үед тархины гадагш чиглэсэн урсгал зогсдог гэж үздэг. Энэ бол Европын холбооноос гаргасан судалгаа.
Монгол Улсын Засгийн газраас нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорилготой байгаа нь залуусыг эх орондоо ажиллах, хөдөлмөр эрхлэх тэмүүллийг дэмжих бодлогын илрэл.
Манай улсын ДНБ-д эзэлж буй цалин хөлсний хэмжээ харьцангуй бага. Үүнийг нэмэгдүүлж байж монголчууд тогтвортой, суурьшилтай амьдрах нөхцөл бүрдэнэ. Одоогийн байдлаар Монгол Улсын ажиллах хүч 2 саяд хүрэхгүй. Үүнээс 1.2 сая нь хөдөлмөр эрхэлж байна. Ингэхээр 550-650 мянган хүний ажиллах хүчний хомсдол үүсээд байна. Үүнээс 213 мянга нь гадаадад байна. Мөн бага төрөлтийн үеийн нөлөөгөөр 350-380 мянган төрөх ёстой байсан хүүхдүүд төрж чадаагүй.