Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.05.23/-ийн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, байнгын хорооны ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцлээ. Ажлын хэсэг 2025.05.20-нд хуралдаж, 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан боловч 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй төсөл арга хэмжээний жагсаалт, эхлүүлсэн боловч царцаагдсан төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын талаарх танилцуулгыг бэлтгүүлэх үүрэг чиглэлийг мэргэжил арга зүйн тусламж үзүүлэх багт үүрэг болгож ажилласан. Тухайлбал, төслийн 1 дүгээр хавсралтад тусгасан 4 реформыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нарийвчилсан мэдээлэл бэлтгэх зэрэг үүрэг чиглэл өгч ажилласан байна.
Ажлын хэсэг 2025.05.22-нд дахин хуралдаж "Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль, Алсын хараа урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоол болон холбогдох бусад хууль тогтоомжийн баримт бичигт заасан шаардлагад нийцүүлж, нэг бүрчлэн санал хурааж байнгын хороонд танилцууллаа. Түүнчлэн ажлын хэсгээс болон УИХ-ын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй 150 гаруй саналыг дээрх хуулийн шаардлагад нийлүүлэн боловсруулснаа байнгын хорооны гишүүдэд танилцуулж, санал хураалаа. Ажлын хэсэг цаашид анхаарах талаар таван санал дэвшүүлэв.
Хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэгт хангалттай ажиллах хугацаа гаргаж өгөх шаардлагатай
Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд Засгийн газар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн хугацаа дуусгавар болохоос өмнө буюу 2025 оны 08.28-ны өдрөөс дөрвөн сарын өмнө танилцуулах ёстой хөгжлийн төлөвлөгөөний тайланг ирүүлээгүй байна.
Засгийн газар Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төслийг өмнөх үндсэн чиглэлийн баримт бичиг дуусгавар болгохоос 2 сарын өмнө буюу 2025 оны 08.25-наас өмнө 06.28-ны өдөр мэдүүлнэ гэж заасны дагуу өргөн мэдүүлэх шаардлагатай байна.
Дээрх төслийг өргөн мэдүүлэхдээ хуульд заасны дагуу Монгол Улсыг 5 жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төсөв санхүүгийн тооцоог нарийвчлан төсөлд хавсаргах
Эдийн засаг хөгжлийн яам Хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа холбогдох яам байгууллагаас санал авах үедээ холбогдох зорилго зорилт түүнийг хангахад чиглэсэн төсөл арга хэмжээг салбар бүс нутаг байршлаар нь авч санхүүжилтын эх үүсвэр зэрэг задаргаагаар нарийвчлан авч хууль тогтоомжид заасны дагуу төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай гэж үзлээ.