Цаг үеийн мэдээ

Энэ бол 1943 оны үед төрсөн Йоркшэйр террьер үүлдрийн нэгэн бяцхан эм нохой дэлхийн хоёрдугаар дайнд хүчин зүтгэсэн түүх юм. Тэрээр ердөө 18 см өндөртэй бөгөөд 1.8 кг жинтэй байсан хэдий ч дэлхийн хоёрдугаар дайнд гарамгүй гавьяа байгуулан түүхийн хуудаснаа бичигдсэн байна. 1944 оны эхэн үед “Шинэ Гвинейд” тулалдаж явсан Америк цэргүүд дайны хөлд нэрвэгдэн орхигдсон үнэгний нүхнээс түүнийг олсон байдаг. Эхэндээ цэргүүд уг нохойг Япон цэргүүдийнх гэж бодож байсан ч тус нохой Англиар ч тэр Японоор ч тэр ямар ч тушаал мэдэхгүй байлаа.

Цэргүүд түүнийг аварч өөрсдийн хуарандаа авчирахад дэслэгч Виннед уг бяцхан нохой ихэд таалагдсан тул олсон цэргээс нь 2 Австрали доллараар худалдан авч Смоки гэх нэр өгсөн аж.Дараагийн хоёр жилийн турш бяцхан Смоки өөрийн эзний хамт номхон далайн туйлын хүнд цаг агаарт тулалдаж амьдарсан юм. Смоки Виннегийн майханд унтаж түүний төмөр малгайг өөрийн гэр гэж боддог байлаа. Зарим хүйтэн шөнүүдэд эзнийхээ хөнжилд орж дулаацан хамтдаа унтдаг байсан аж. Номхон далайд өнгөрүүлсэн 2 жил туйлын хүнд байсан ч тэрээр бүхнийг сөрөн хүчтэй зогсож даван туулж чадсан юм.

Тухайн цаг үед цэргийн ноход Япончуудын тараасан бохир өвчинд өртөн амиа алдацгааж байхад Смоки ганцаар гал дундаас гарч ирж чадсан байдаг. Тэрээр АНУ-ын агаарын нисэх хүчний 5-р ангид алба хааж 12 даалгаварт оролцон 8 удаагийн тулаанд эзнийхээ хамтаар тулалджээ.Түүнчлэн нийт 150 удаагийн Японы армийн агаарын дайралтаас эзнийхээ хамтаар амьд үлдэж байлдааны ажиллагаанд эзнийхээ хамтаар шүхрээр буудаг байжээ. Нэгэн удаа Филлипины арлуудын орчимд түүний эзэн өөр найман цэргийнхээ хамт харуулд гарч байхад Японы байлдааны усан онгоц арлыг зүглэн ирж байгааг урьдчилж мэдсэн Смоки тэдний хувцаснаас чирч арлын өөр өнцөгт авчран усан онгоцыг харуулж байсан байна.

Үүний ачаар тэнд байсан есөн цэрэг болон өөрийнхөө амийг ч аварч чадсан юм. Мөн байлдааны үед харилцаа холбоо нь эвдэрсэн цэргийн ангиудад Смоки л зурвас авчран өгдөг байсан бөгөөд уг ажлыг түүнээс өөр амьтан номхон далайд бараг л хийж байсангүй.Мөн Смокигийн авах чанар нь зөвхөн эрэлхэг чанараар хязгаарлагдахгүй. Тэрээр маш олон төрлийн арга заль, мэх хэрэглэдэг байсан бөгөөд дайсны цэргүүдийн дунд өрсөн үедээ яг л үхсэн мэт хөдөлгөөнгүй хэвтдэг байлаа. Дайн дууссаны дараа номхон далайн баатарлаг нохойны түүх нэгдсэн улс даяар тархаж тэрээр эзнийхээ хамт Холливуудыг зорин оджээ. Тухайн үедээ олон брендүүдийн нүүр царай болж Йоркшэйр террьер үүлдрийн нохойн үржил ч огцом ихэссэн байдаг. Гэвч 1957 оны 2-р сарын 21-ны өдөр гэнэт амьсгал хураасан тул хөөрхий нохойг дэлхийн хоёрдугаар дайны цэргүүдийн оршуулгын газарт оршуулсан юм. Түүнийг 30мм-ын сумны хайрцагт хийн Охио мужид нутаглуулжээ.

Таны сурталчилгаа