Цаг үеийн мэдээ

            Мэргэжлийн гуталчид болон нөхөн сэргээх анагаах ухааны эмч нар монголд хавтгай тавхайтай хүүхэд олширсоор байгааг мэдээлж, хавтгай тавхайг засах протез хэрэглэгч хүүхдийн тоо өссөөр байгаа тухай мэдээлж байна. Хөлийн нум харагдахгүй буюу хавтгай тавхай гэдэг нь бага насны хүүхдүүд мариа ихтэй байдгаас нум нь ялгарч харагддаггүй байна. Олон улсад 2 нас хүртэл хавтгай тавхайтай байхыг эрүүл гэж үздэг байна. Тиймээс хүүхдийн хөлийн нум сайн ялгарч харагдахгүй хэрнээ эрт хөлд орсон бол санаа зоволтгүйгээр 4 нас хүртэл нь ажиглаж болно. Хүний биед гурван төрлийн нуман тулгуур байх бөгөөд тэдний нэг нь тавхайн нум юм. Эдгээр нумууд нь хүний аливаа хөдөлгөөний үед үүсэх доргилт болон даралтыг сарниулах үүрэгтэй.   Өдрөөс өдөрт өсөж буй хүүхдийн хөлд нумгүй гутал байнга өмсүүлснээр хүүхдийн нум тавигдан хавтгай тавхайтай болдог. Ингэснээр биеийн тулгуур алдагдан, хүндийн төв өөрчлөгдөн цусан хангамж муудаж, хөл өвдөх шөрмөс татах, булчин таазаар өвдөх, хөл хөхрөх, даарах зэрэг шинж илэрч болно. Хүүхдийн хөлийн улны хөгжил бие организмд нөлөөлж, хөлийн ул хавтгай болох нь биеийн галбирыг алдагдуулна. Тавхайн хэлбэрийг хэвийн, хавтгай, хүнхэр гэж ангилна. Хэвийн хөгжилтэй хөлийн улны хүнхэрийн хэмжээ дунд зэрэг бөгөөд тулах цэгийн гадарга нь хөлийн улны 1/3-ийг эзэлнэ.

Хүүхдийн гутлыг зөв сонго

            Үүнд хамгийн түрүүнд улыг нь сайтар анзаарах хэрэгтэй. Хүүхдийн гутал улныхаа хэмжээтэй яг тохирч байх ёстой. Хүүхдэд резин гутал удаан хугацаагаар өмсгөх хэрэггүй байдаг. Хэрвээ багадсан юмуу томдсон гутал өмсвөл улны хэв хэмжээ өөрчлөгдөнө.  Хүүхдийн бие организм байнга өсөж, хөгжиж байдаг учраас хөгжлийг нь дэмжсэн, биед саад болохгүй гутал өмсүүлж байх учиртай.  Ялангуяа хөлд орж буй хүүхдийг аль болох хөл нүцгэн явуулах хэрэгтэй. Иймээс хүүхэддээ нумгүй гутал (бүх төрлийн кет, UGG бойтгон гутал, улавч углааш гэх мэт) байнга өмсүүлэхгүй байх нь чухал. Дараагийн чухал зүйл бол гутлыг хийсэн материат буюу чийг татахгүй арьсан гутлыг сонгоно.

Хавтгай улыг хэрхэн засах вэ?  

            Эмнэлэг, хүүхдийн байгууллагуудад мэргэжлийн хүмүүсийн хийлгэдэг гимнастик ба иллэг, зориулалтын гутал, супинатортой улавч гутал дотор хийж өмсүүлэх, гипсээр хүнхэр гаргаж засах зэрэг болно. Мөн унадаг дугуй унуулах, араараа ухарч алхах нь сайн нөлөөтэй.

Хүүхдийнхээ тавхайг шалгах арга

Хавтгай тавхайг мэдэж болох хялбар арга бол хүүхдийн хөлийн улыг будагч бодис /гуаш, усан будаг, марганц/ түрхээд цагаан цаасан дээр гишгүүлээд үз. Гарсан мөр хавтгай байвал яаралтай эмчид хандаарай.

Таны сурталчилгаа