бидний нөгөө тал болсон ургамал амьтад устаж үгүй болсоор байгаа нь хүн төрөлхтөнд эргээд аюулын харанга болон дэлдэж байгаа юм.
Дэлхий дээр нийт найман сая зүйлийн амьтад байдгаас нэг сая зүйл нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж устахад хүрчээ. Олон улсын зэрлэг амьтан хамгааллын холбооны мэдэгдсэнээр, сүүлийн 10 жилд ан амьтдын төрөл зүйл бүрээс хэдэн зуугаараа устаж үгүй болсоор буй аж.
Энэ бүхэн цаг уурын өөрчлөлтөөс гадна хүмүүс бидний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой юм. Учир нь биологийн тархалт удааширч, байгалийн экосистемийн 66 хувь хүмүүсийн буруугаас сүйдэж байна.
Сүүлийн 50 жилд дэлхийн хүн амын тоо 3.7-7.6 тэрбум болж өссөн. Хүмүүсийг байгаль орчноо хамгаалж, нөхөн сэргээх арга хэмжээ авч, байгальд хор хөнөөл учруулж байгаа хүчин зүйлүүдийг шинэчлэн эко системтэй хоршиж ажилладаг болгохыг эрдэмтэд уриалж байна.
Одоогийн байдлаар дэлхий дээр хуванцар болон бусад химийн гаралтай хог хаягдлаас болж бохирдсон 400 орчим сөнөсөн тэнгис байна. Жил бүр далай тэнгис руу 300-400 сая тонн химийн хортой хаягдал гардаг гэсэн судалгаа бий.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон хөдөө аж ахуйн “Rabobank” банкны мэргэжилтнүүдийн саяхан гаргасан илтгэлд түгшүүр төрүүлэм статистикийг дурдсан. Эрдэмтдийн тооцоолсноор 1961 оноос эхлэн дэлхийн зөгийн сүргийн тоо хоёр дахин багассан бөгөөд нэг га талбайд ногдох зөгийн тоо 90 хувиар буурчээ.. Хөдөө аж ахуйн ухааны дэд эрдэмтэн Игорь Дорониний тайлбарласнаар хүн төрөлхтний хүнсний нөөцийн гуравны нэгийг бий болгодог ургамлыг шавьж тоосжуулдаг аж. Шавьжны тоос хүртээгүй ургамал, мод тийм ч их биш. Зөгийн тоо толгой жил ирэх тусам их хэмжээгээр цөөрч байгаа нь хүнсний хомсдол үүсгээд зогсохгүй хүний оршин байх эсэхэд ч нөлөөлөх гэнэ.
Мөн цаг уурын өөрчлөлт нь дэлхийн биологийн төрөл зүйлийн идэвхт үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа учраас байгаль дэлхийн дулаарлыг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлсийг эко системтэй уялдуулах шаардлагатай. Үүнээс гадна хүн амын суурьшлыг тараан олон дэд хотууд барих нь байгалиа хамгаалах зайлшгүй алхам болжээ. Олон улсын эрдэмтэд байгаль экологийн төлөө үйл ажиллагаа явуулахад оройтоогүйг уламжилсан бөгөөд ойрын 10-20 жилд мэдэгдэхүйц өөрчлөлт гаргаж болохыг хэлсэн байна.
Хамгийн гол нь газар ашиглалтын төлөвлөгөөг нарийн гаргаж, ан амьтдыг идэш тэжээлийн дутагдалд оруулахгүй байх нь чухал аж. Эрдэмтэд мэдэгдлийнхээ төгсгөлд, химийн хог хаягдлаар байгаль орчноо бохирдуулахгүй байхыг уриалжээ.