Цаг үеийн мэдээ

 

Монголын түүхийн цаглабарт цагаан морин жил хэмээн бичигдсэн 1989 онд Ардчилсан хувьсгалын хөдөлгөөн эрчимжиж, 1989 оны 12-р сарын 10-нд буюу яг одоогоос 30 жилийн өмнөх энэ өдөр ардчиллын төлөөх хөдөлгөөн оргилдоо хүрч байсан юм.

Одоогийн Залуучуудын төв буюу тухайн үеийн нэрээр Хүүхэд залуучуудын соёлын төвийн үүдэнд С.Зоригоор удирдуулсан Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны залуус анхны цуглаанаа хийж, олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө буюу 1990 оны эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан юм. Зөвшөөрөлгүй хийгдсэн анхны цуглаанд 300 орчим хүн сайн дураараа ирж оролцсон түүхэн баримт байдаг бөгөөд цуглааны үеэр “Хонх” хамтлагийн дуучин, уран бүтээлч С. Цогтсайхан, Н.Энхбаяр хоёр “Хонхны дуу”-гаа дуулсан нь ардчиллын сүлд дуу болтлоо орон даяар эгшиглэж, ард олны сэтгэлд хоногшжээ.

Ардчилсан хувьсгалын талаарх түүхэн баримтууд:

-1989 оны 12-р сарын 06-нд Эрдэнэт хотод цуглаан болж Эрдэнэтээс Орос цэргийн ангийг гаргах, Эрдэнэт үйлдвэрийг үндэсний үйлдвэр болгох зэрэг шаардлага тавьж байв.

-1989 оны 12-р сарын 07-нд Ховдын Багшийн Дээд сургуулийн хэсэг агш оюутан Ард Аюушийн талбайд анхны улс төрийн жагсаал цуглаан хийж МАХН-ын ТХ-ны УТТ, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан Өргөх бичгийг аймгийн НХ-ы Бүгд хурлын үеэр Улаанбаатарт хүргүүлэхээр гардуулж байжээ.

-1989 оны 12-р сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо анхны цуглаанаа хийж олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьсан.

-1990 оны 1-р сарын 21-нд Монголын Ардчилсан Холбооны улс төрийн шаардлагуудыг нам, төрийн удирдлагууд хүлээж аваагүй тул МоАХ дөрөв дэх цуглаанаа нийслэлийнхээ төв талбайд зохион байгуулсан.

-1990 оны 2-р сарын 18-нд 16 аймаг 3 хотоос нийт 611 төлөөлөгч, 200 орчим зочин ирж оролцсон МоАХ-ны анхдугаар их хурал болсон. Хурлаар МАХ байгуулагдсаныг зарласнаар олон намын тогтолцооны эхлэлийг тавьжээ.

-1990 оны 3-р сарын 7-нд эрх бариг МАХН, төрийн удирдлагын зүгээс шаардлагад хариу өгөөгүй учир МоАХ-ны ЕЗЗ-ийн 10 гишүүн нийслэлийн төв талбайд улс төрийн өлсгөлөн зарласан.

-1990 оны 3-р сарын 12-14-нд МАХН-ын төв хорооны 8-р бүгд болж Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, намынхаа Онц их хурлыг 4-р сарын 10-нд хуралдуулахаар товлов.

-1990 оны 3-р сарын 21-23-нд БНМАУ-ын АИХ-ын ээлжит бус 8-р чуулган

Үндсэн хуулиас: “БНМАУ-ын төр нийгмийн удирдан чиглүүлсэн хүч бол бүхнийг ялагч Марксист-Ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгосон МАХН мөн” гэсэн заалтыг хассанаар нэг намын далан жил үргэлжилсэн ноёрхол төгсгөл болсон билээ.

Таны сурталчилгаа