Төмөр дутагдлын цус багадалт нь бие махбод дахь төмрийн агууламж багасаж, гемоглобины үүсэл саатсанаас эмнэл зүйд цус багадалтын шинжээр илэрдэг эмгэг юм.
Шалтгаан
1. Цус алдалт нь төмөр дутагдлын цус багадалтад хүргэдэг хамгийн түгээмэл шалтгаан юм.
– Ходоод гэдэсний замаас цус алдах
– Умайн цус алдалт
– Бөөр шээсний замаас цус алдах
– Уушгинаас цус алдах
– Хамрын цус алдалт
– Донор
2. Хоол тэжээлээр төмрийг хангалттай авахгүй байх
Хоол тэжээлээрээ хангалттай хэмжээний төмөр авч чадахгүй бол төмөр дутагдлын цус багадалтад өртөх нэг үр дагавар болдог. Мөнцагаан хоол иддэг хүмүүс болон хоол тэжээлийн хомсдолтой байх нь цус багадалтад хүргэнэ..
3.Төмрийн шимэгдэлт багассанаас төмөр дутагдлын цус багадалт үүснэ.
Ахлоргидрийнүед төмөр ионжиж чадаагүйгээс төмрийн шимэгдэлт буурдаг. Ходоодны хүчиллэг орчинд Fr+3 төмөр Fr+2 хэлбэрт шилждэг. Ходоод, гэдэс тайрагдах, нарийн гэдэсний суулгалт эмгэгүүдийн үед төмөр дутагдлын цус багадалт, витамин В12, фолийн хүчлийн дутагдалтай хавсарч тохиолдоно. Хэдийгээр ходоод гэдэсний эмгэгүүд нь төмөр дутагдлын цус багадалтын голлох шалтгаан болох боловч, төмөр дутагдлын цус багадалт нь эргээд ходоод гэдэсний замын атрофик өөрчлөлтөнд хүргэж болно.
Бие махбодид төмрийн хэрэгцээ ихэссэн үед
– Жирэмслэлт, төрөлт ба хөхүүл үе
– Хүүхдийн өсөлт хөгжилт идэвхтэй явагддаг 1 нас хүртэлх хугацаа, бэлгийн бойжил, охидууд анхны сарын тэмдэг ирэх үе
– Биеийн тамираар идэвхтэй хичээллэх зэрэг нь төмөр дутагдлын цус багадалтад хүргэж болно.
Цус багадалтын хам шинж
Захын цусанд улаан эс, гемоглобины тоо, хэмжээ багассанаас эд, эсэд хүчилтөрөгч дутагдаж арьс, салст цайж, цонхийно, амархан ядрах, тархи, толгой өвдөх, нүд эрээлжлэх, чих шуугих, зүрх дэлсэх, амьсгаадах, зүрхээр өвдөх зэрэг шинж илэрнэ.
Төмөр дутагдсанаас үүсэх хам шинж
Булчин сулрах, арьс хуурайших, өвдөг, тохой сайртах,эмэгтэйчүүдэд чанга найтаах, хүнд юм өргөхөд шээс дусагнах зовиур илэрнэ.
Үс салаалах, унах, хумс хугарч, нимгэрэн хотойж толигор байдал нь алдагдах,
Эдийн гуужилт алдагдсанаас. завьжцуурах, амны салст үрэвсэх заримдаа хүчиллэг зүйл идэхэд хэл хорсох, хэлний хөхлөг хатаж мөлийх, юм залгихад горойх
Ходоодны шүүрэл багасч, ходоодны салст үрэвсэн хоолны шингэц муудах,
Өвчтөнд гаж мэдрэхүй төрж бензин, гутлын тос зэрэг хурц үнэртэй зүйл үнэрлэх, шохой, шүдний оо идэх сонирхолтой болох зэрэг шинж илэрнэ.
Шинжилгээ
Захын цусны дэлгэрэнгүй шинжилгээнд гемоглобин, улаан эс буурна. Өнгө илтгэгч буурна. Улаан эсийн хэлбэр, хэмжээ өөрчлөгдөнө. Ретикулоцитийн тоо хэвийн эсвэл яльгүйихсэх ба ховор тохиолдолд буурч болно. Цус алдалт үргэлжилж байгаа бол ялтсынтоо ихэсдэг.Төмөр дутагдлын цус багадалтын хүнд хэлбэр, цус багадалт удаан хугацаанд үргэлжилбэл ялтас болон гранулоцитийн тоо цөөрнө. (улаан эс, тромбоцит тоолох)
Эмчилгээ
Ердийн дэглэм баримтална. Төмөр дутагдлын цус багадалтындалд хэлбэрийн үед төмрөөр баялаг үхрийн мах, өндөг, сүү цагаан идээ, жимс ногоо хэрэглэнэ.
Төмрийн бэлдмэлийг хоногт 150-300 мг төмөр ноогдохоор бодож хоол идэхээс цагийн өмнө эсвэл хоолноос 2 цагийн дараа ус, жимсний шүүсээр даруулж уулгана.Төмрийн бэлдмэл шүдний пааланг гэмтээдэг тул түүнийг зажлахгүй, залгих, бэлдмэлийг ууж хэрэглэх үед дотор муухай оргих, бөөлжих, суулгах, ходоод өвдөх, өтгөн хар өнгөтэй гарах зэрэг гаж нөлөө илэрч болохыг өвчтөнд урьдчилан сануулах хэрэгтэй. Төмрийн бэлдмэлийг хангалттай тун хэмжээгээр тогтмол хэрэглэсэн тохиолдолд 6-8 долоо хоногийн дараа гемоглобины түвшин хэвийн хэмжээнд хүрдэг. Төмрийн бэлдмэлийг ууж хэрэглэхэд гаж нөлөө хүчтэй илэрч байгаа, ходоод гэдэс тайрагдсан хүмүүст, удаан хугацаанд төмрийн бэлдмэлийг ууж хэрэглэсний улмаас ходоод 12 хуруу гэдэсний шархлаа сэдрэх, төмрийг богино хугацаанд түргэн нөхөх шаардлагатай байгаа (төрөх дөхсөн, хагалгаанд орох гэж байгаа) үед төмрийн бэлдмэлийг булчинд, эсвэл судсанд тарьж хэрэглэнэ.
Урьдчилан сэргийлэлт
Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, өсвөр насны охидууд, сарын тэмдэг нь их хэмжээтэй, эсвэл удаан хугацаанд үргэлжилдэг эмэгтэйчүүдэд анхдагч урьдчилан сэргийлэлтийг хийнэ.
Хэвийн жирэмсэн эхэд хоногт 30-40мгтөмрийг 31 долоо хоногоос эхэлж 8 долоо хоног уулгаж хэрэглэнэ. Харин захын цусны шинжилгээнд цус багадалт илрээгүй боловч төмөр дутагдлын цус багадалт үүсэх эрсдэл хүчин зүйлтэй эмэгтэйд төмрийн бэлдмэлийг хоногт 30-40мг-аар жирэмсний 12-13 долоо хоногоос 15дахьдолоо хоног хүртэл, дараа нь 21-25, 31-32 долоо хоногоос 37 долоо хоног хүртэлх хугацаанд уулгаж хэрэглэнэ. Хэрвээ жирэмсний үед, ялангуяа 20 долоо хоногоос хойшиххугацаанд цус багадалт үүсвэл ураг цус багадалттай төрөх эрсдэлтэй тул эхэд эмчилгээний тунгаар төмрийн бэлдмэлийг хэрэглэнэ.
– Сарын тэмдэг нь их хэмжээтэй,урт хугацаанд үргэлжилдэг эмэгтэйчүүдэд сар болгон сарын тэмдэг ирээд дууссаны дараа 7-10 хоног төмрийн бэлдмэлийг /30-40мг/ хэрэглэнэ.
– Өсвөр насны хүүхэд, болон доноруудад төмөр дутагдлын цус багадалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эмчийн үзлэг оношилгооны дагуу авна.