Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “эмзэг” зүйлд хамаарна.
Таних шинж: Бие том, 136 см, цайвар хөх саарал зүстэй. Толгой, шил цагаан. Цээж бараандуу. Дэвүүрүүдийн үзүүр хар. Дух, шанаа улаан. Хөл улаавтар. Хошуу бор шаргал. Залуу тогорууны зулай, шилэн хүзүү улбар шар өдтэй.
Тархац, байршил нутаг: БНХАУ-ын зүүн хойт хэсэг, ОХУ-ын Чит мужийн баруун хязгаар, Амар мөрний хөндийгөөр цөөхөн хос тохиолдоно. Онон, Хэрлэн, Улз, Халх, Багттах, Нөмрөг Хараа, Буур гол тэдгээрийн сав, Туул, Харвахын голын адаг, Булганы Айхан, Ховдын Хар ус нуур, Авдрант орчим нутгаар тааралддаг. Солонгос, БНХАУ, Япон улсын нутагт өвлийг өнгөрөөнө. Алаг өвст хээрийн голын нуга, зэгстэй нуур, голын дагуу өндөглөн зусна.
Амьдралын онцлог: Өвөлжсөн газраас III сарын сүүл, IV сарын эхээр анхны сүрэг, хосууд ирж эхэлнэ. Үржилд 3-4 нас хүрч орно. Дов сондуулын дунд 50-80 см өргөн үүрээ хагдарсан өвсөөр засаж, IV сарын сүүл, V сарын эхээр 90.5 х 60.3 мм хэмжээтэй, улбардуу бүдэнтэй 2 өндөг гаргана. Орооны үедээ хосууд чанга дуугарч, тонгочиж, цовхчиж наадна. Өндгөө ихэвчлэн эм нь дарж, 30 гаруй хоногт дэгдээхий болгоно. Анхлан хагарсан өндөгний дэгдээхий үүрээ орхин холдоход хосууд дагаж, үлдсэн өндөг эзэнгүйднэ. Дэгдээхий шавьж, хорхой, ургамлын үндэс, нахиагаар хооллон VIII сарын дундуур нисэх чадвартай болно. Үүрлэсэн, зуссан шувууд IX сараас сүрэглэж эхэлнэ. Алсын нүүдэл IX сарын сүүл, X сарын эхээр явагдана. Хятадын нутагт өвөлжинө.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Дэлхийд 2.5-3 мянга орчим бий. Улз голын дагуу 1990 оны VII сард 189, 1991 оны IV сард Хэрлэнгийн Сүмийн цагаан нуур, Улз голын дагуу 51, 1992 оны VII сарын сүүлч, VIII сарын эхээр Улз, Ямалх голд 161, 1993 оны VIII сард Хэрлэн голын дагуу Чойбалсан хот хүртэл 20, 1994 оны IV сүүлчээр, V сарын эх хүртэл Хурхын гол Биндэр нуур, Цэгээний нуур, Онон Бархын цутгал, Шуусын гол, Улз, Дөч, Ямалхын гол дагуу 191, 1994 оны VII сүүлч, VIII сарын эхээр Улз, Онон голоор 246 бие гүйцсэн тогоруу, 29 дэгдээхий бүртгэв. 1994 оны IX сард Улзын савд 2500-3000 толгой цэн, хар тогорууны нийлмэл сүрэг тааралдсан байна. Монголд 800 орчим толгой зусч өндөглөдөг. Сүүлийн жилүүдэд энэ шувууны үүрлэх нутаг манай орны баруун хойш тийш тэлж, Айхан нуурын хөндий, Тэшигийн олон нуур, Тарвагатайн, Хужирын нууранд өндөглөх болсон. 2013 оны 9-р сарын эхээр Айхан нуурын хөндийд 36 тогоруу таарч байв.
Үржлийн хугацаанд олонтоо гардаг хээрийн түймэр, чоно, нохой, ойн солонго, бүргэд, хар ба хон хэрээ өндөг, дэгдээхийд онцгой аюул учруулна.
Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2001 оны 164 дүгээр тогтоолоор ховор амьтны жагсаалтад, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн I хавсралтад, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенцийн II хавсралтад, Монгол улсын Улаан ном, Азийн ховор шувуудын Улаан номонд тус тус бүртгэсэн. Байршил нутгийн тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авсан. Онон, Улзын голыг нутгийн иргэдээр амьдрах орчныг хамгаалуулах ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), орон нутгийн төрийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Хамгаалах арга хэмжээ: Нэн ховор амьтны жагсаалтад бүртгүүлэх, байршил нутгийн хамгаалалтыг сайжруулах, өндөглөн зусдаг байршил нутгийн хүн, малын сөрөг нөлөөллийг бууруулах, хамгаалах сурталчилгаа хийх.