Хар тамхи худалдаалсан хэргээр Луйзиана мужийн шоронд 27 жилийн хорих ял эдэлж байсан 49 настай Патрик Жонс гэгч эр коронавирусийн халдвараар АНУ-ын шоронд нас барсан анхны хоригдол болсон байна. Нас барсан тохиолдол бүртгэгдээд байгаа “Окдэйл” шорон нийт 1700 хоригдолтой бөгөөд Патрик Жонстой ойр байсан 100 орчим хүнийг тусгаарлаад байгаа юм байна.
АНУ-ын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 2,3 сая орчим хүн эрх чөлөөгөө хасуулан, шоронд ял эдэлж байгаа юм байна. Тэдгээрээс 14 хоригдол болон 13 харгалзагчаас ковид-19-ийн батлагдсан тохиолдолд бүртгэгдсэн байна.
Хорих ангиуд болон түр саатуулах байрууд агааржуулалт муутайгаас гадна нэг дор олон хүнийг байлгадаг тул коронавирусийн халдвар хурдан тархах боломжтойг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Тиймээс дэлхийн зарим орнууд хөнгөн ял шийтгэл эдэлж байгаа хоригдлуудаа суллаж эхлээд байгаа юм.
Охайо болон Техас мужууд ялын хугацаа нь дуусах дөхөж байгаа 200 гаруй хоригдлыг суллах шийдвэр гаргаад байгаа юм.
Мөн Лос-Анжелесийн шүүхийн шийдвэрээр 30-аас дээшгүй хоногийн хоригдох хугацаа үлдсэн 1700-гаад хоригдлыг болон өндөр настай, эрүүл мэндийн асуудалтай хоригдлуудыг суллах юм байна.
Харин Нью-Жерси мужид зөвхөн цар тахлын хугацаанд 1000 гаруй хоригдлыг түр хугацаагаар батлан даалтаар суллаж, халдварын нөхцөл байдал сайжирсаны дараа буцаад хориж, ялыг нь үргэлжлүүлэх юм байна.
Үүнээс гадна хүчирхийллийн бус гэмт хэрэг үйлдэж, хууль зөрчсөн иргэдийг аль болох баривчлахгүйгээр торгууль оногдуулах юм байна.
Мөн цар тахалтай холбогдуулан АНУ-ын цагаачлалын алба үндэсний аюулгүй байдалд нь ноцтой аюул учруулаагүй л бол хууль бус цагаачдыг баривчлахыг түр хугацаагаар зогсоохоор болоод байгаа юм байна.
Эх сурвалж: ВВС