Өмнөд Америкийн Эквадор улсын 2.8 сая оршин суугчтай боомт хот Гуаяакилийн гудамжинд Covid-19 өвчнөөр нас барсан хүмүүсийн цогцос хэвтэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлжээ. Сүүлийн байдлаар энэ улсад коронавирусийн халдварын 2,700 орчим тохиолдол бүртгэгдэж, 93 өвчтөн нас барсан гэх албан ёсны тоог гаргажээ. Эквадорын тахлын голомт болоод байгаа энэ хотод сүүлийн өдрүүдэд гялгар уутаар бүтээж гудамжинд хаясан хүний цогцос хэд хэд илэрсэн байна.
Тус хотын эмнэлгүүд өвчтөнүүдээр дүүрээд байгаа бол шарил хадгалах газар нь мөн дүүрсэн байна. Хаягдсан цогцоснуудын дийлэнх нь коронавирусийн тахлын хохирогчдынх гэж хүмүүс таамаглаж байна. Эквадор улсад оношлуурын хүрэлцээ муу байгаагаас тэдний үхлийн шалтгааныг эцэслэн тогтоох боломжгүй гэжээ. Хүн нас барсан тохиолдлуудын 60 гаруй нь Гуаяакил хот болон түүний ойр орчимд бүртгэгдсэн бөгөөд албаныхан сүүлийн өдрүүдэд гудамж, олон нийтийн газраас 400 орчим цогцос олсон тухайгаа мэдээлжээ.
Тус хотын хамгийн том эмнэлэг Лос Сэйбост өдөрт дунджаар 500-1,000 хүн амьсгалын замын өвчин туссан шалтгаанаар үзүүлдэг болж, ачаалал нь дээд цэгтээ тулжээ. Эквадорын сувилагчдын холбооны мэдээлснээр улс даяар 370 орчим сувилагч шинэ коронавирусийн халдвар авснаас тав нь амиа алдсан байна. Эквадорын ерөнхийлөгч Ленин Морено хилээ хааж, гадаад, дотоодын аялал жуулчлалд хатуу хориг тавих шийдвэр гаргаж байв.
Эх сурвалж: Reuters