Цаг үеийн мэдээ

 Манай улсын хувьд, 2019 оны байдлаар, 6073 хавдрын шинэ тохиолдол оношлогдож 4412 хүн нас барсан бөгөөд 77 хувь нь хожуу үедээ оношлогдсон статистик дүн бий. Хавдар өвчнөөр шаналж буй хүнд нэн түрүүнд шаардлагатай зүйлсийн нэг бол асаргаа сувилгаа байдаг. Иймд хорт хавдар өвчний үеийн сувилахуйн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар ХСҮТ–ийн Сувилахуйн албаны дарга Д.Дуламсүрэнтэй ярилцлаа. 

Зө.мн: Манай улсын хувьд хавдрын өвчлөлийн тоо нэлээд өндөрт бичигдэж байна. Энэ өвчнөөр шаналж буй хүмүүс тэдгээрийн гэр бүлд мэдээлэл өгөх үүднээс энэ сэдвийг хөндөж байна.  Хорт хавдрын үеийн сувилгааг хэрхэн хийдэг вэ?

Д.Д:– Хорт хавдар өвчин нь удаан явцтай хоруу чанартай, удаан хугацаанд эмчилгээ сувилгаа шаардагддаг өвчин юм. Энэ өвчний үеийн сувиулахуйн тусламж үйлчилгээ эмч, сувилагчдаас маш өндөр ур чадвар шаарддаг. Сувилагч бидний үйлчлүүлэгчиддээ гол анхаарах зүйл нь цэвэр сайхан орчин нөхцлийг бүрдүүлж, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл зүйг анхаарч, сувилахуйн үед илэрч байгаа шинж тэмдгүүдийг мэдэрч, түүнийг илрүүлж, оношилж түүнийхээ дагуу тусламж үйлчилгээг үзүүлж чаддаг байх ёстой.  Үйлчлүүлэгчдийн маань дунд олонтаа гардаг асуудал бол ядрах, тамиргүйдэх, арьсны бүрэн бүтэн байдал алдагдах, суулгах гүйлгэх, дотор муухай оргих зэрэг олон шаналгаа, шинж тэмдгүүд илэрч байдаг. Сувилагч бид хүн хүнд тусад нь тохирсон сувилахуйн чиглэл гаргаж ажиллаж байна. Мөн өвчтний гэр бүлд өвчтэй хүнийг хэрхэн асрах зөвлөгөөг өгч байна.

Зө.мн: Манай улсад элэгний хавдар өвчлөл их байна. Гэхдээ 2018 оны нэгдүгээр сард манай улс анх элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг эх орондоо хийсэн шүү дээ. Тэгэхээр энэ мэс ажилбарын дараах сувилахуйн тусламж үйлчилгээ хэр хүндрэлтэй байдаг вэ?

Д.Д: – Олон цаг үргэлжилсэн удаан явцтай хагалгаа байдаг учраас хагалгааны дараа эмч, сувилагч нарын нарийн мэдрэмж шаардсан сувилгаа хэрэгтэй болдог. 

Хагалгаа төгс хийж дуусах ард нь тэр хүнийг сайхан эдгээгээд гарах нь сувилагч нарын уйгагүй хөдөлмөр байдаг. Хагалгааны дараа хэвтэх хугацаа 3-5 долоо хоног байх ба эмнэлгээс гарсны дараа байнга амбулторын хяналтанд байж, эрхтэн шилжүүлэн суулгалттай холбоотой хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ихэнх өвчтөн дархлаа бууруулагч эмийг өдөр бүр уух хэрэгтэй болдог. Мөн хагалгааны дараа элэгний Б-вирустай өвчтөн Б-төрлийн элэгний эсэргүйцэл үүсгэх тариаг хийлгэнэ.

Зө.мн: Хооллох гуурстай үеийн сувилгаа гэж бий. Энэ сувилгааны үед сувилагчаас ямар ур чадвар шаардагдах вэ? 

Д.Д: – Хооллох гуурс нь нарийн гэдсэнд гуурс тавихыг хэлдэг. Улаан хоолой, ходоодны мэс заслын дараа удаан хугацаанд хоол сойдог, амаар хоол идэх боломжгүй үед гуурс тавина. Мөн түгжирлээс сэргийлэх үүднээс нарийн гэдсэнд гуурс тавьдаг. Мөн энэ гуурс маань байнгын буюу түр зуурын гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Энэ төрлийн мэс ажилбарын дараа өвчтнийг гуурсаар маш сайн хооллож арчлах ёстой байдаг. 

Зө.мн: Удаан хугацаанд хэвтэрт байсан өвчтөнд биеийн аль нэг хэсэгт цооролт үүсэн байдаг. Энэ үед хэрхэн арчилгаа сувилгаа хийх вэ?

Д.Д: –Хүнд өвчтэй хүн эмнэлэг болон гэрт удаан хугацаагаар хэвтсэнээр арьсны бүрэн бүтэн байдал алдагдаж, холголт үүсэж цооролт үүсэх эрсдэлтэй байдаг. Энэ шарх нь арьсны өнгөн давхаргаас эхэлж, улмаар булчин болон ясны гүн хүртэл цоорч үгдэрнэ. Хэрвээ арчилж эмчлэхгүй байвал шарх халдвар авч бохирддог.  Өвчтнийг цооролтоос хамгаалахын тулд хөдөлгөөнийг аль болох ихэсгэхийг хичээх, өвчтөний байрлалыг 2 цаг тутамд өөрчлөх,  ташаан толгойн дээр даралт үүсэхээс сэргийлэх, уужим чөлөөтэй хувцаслаж дэвсгэрийг толигор байлгах хэрэгтэй. Нэгэнт цоорсон үед хоёрдогч халдвараас сэргийлж, шархны ойролцоох үхэжсэн эдийг цэвэр байлгах зорилгоор ихэвчлэн давстай усаар угааж үхэжсэн эдийг цэвэрлэнэ. Мөн арьсны эдгэрэлтийг дэмжих эмийн бэлдмэл хэрэглэнэ.

Зө.мн: Химийн эмчилгээ хийлгэж байгаа хүний асаргаа сувилгаа хэрхэн хийгддэг вэ?

Д.Д: – Химийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн асаргаа сувилгаа бусдаас арай өвөрмөц байдлаар хийгддэг. Юуны түрүүнд өвчтний сэтгэлзүйг тун эерэг байдлаар бэлдэх ёстой.  Ямар ч хүндрэлийг даван туулж, заавал эдгээд эрүүл болно гэсэн ойлголтыг суулгана. 

Химийн эмчилгээ хийлгэж байгаа өвчтнүүдэд олон гаж нөлөө илэрдэг. Үүнд дотор муухайрах, бөөлжис цутгах, маш их ядрах, хоолонд дургүй болох, үс унах, суулгах, амны хөндийн салст бүрхэвч үрэвсэх, өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Мөн химийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн судас үрэвсэх, судсаа дагаж өвдөх, улайх зэрэг илэрдэг. Судас үрэвссэн үед бүлээн жин тавьж, судас хамгаалах зөөлөх тос түрхэнэ. Мөн үрэвслийн эсрэг эмүүдийг ууж болно. Мөн гэрээр гараад хэт даарах, наранд судсыг хэт халааж болохгүй, судсыг маш сайн хамгаалж байх ёстой. Хоололтод маш сайн анхаарч, шингэн зүйлийг маш ууна. Хоолыг өдөр бага багаар 4–5 удаа иднэ бөгөөд хэт халуунаар идэж болохгүй. Мөн үс унах явц тохиолддог энэ үед үсэнд зөөлөн найрлагатай шампунь хэрэглэх бөгөөд наранд зулайгаа халааж болохгүй. Дархлаа маш суларч, ядардаг учраас гэртээ цэвэр дулаан агаартай газар байх ёстой. Тэднийг маш сайн анхаарч, дулаан халамж тавьж, шантрахгүй урамыг үгсийг хэлж байгаарай.

Амны хөндийг угааж цэвэрлэх

Бэлтгэх зүйл: Содын уусмал, буцалсан ус,оо, зөөлөн үстэй сойз, жижиг алчуур, уруулын тос, хэл дарагчийг халбагны ишээр орлуулах, хэл хусах зүйл

Амны хөндийг угааснаар хоол идэх дуршлыг сайжруулах, амны хөндий үрэвсэх болон халдвар дамжихаас сэргийлнэ.

Хажуугаараа хэвтэж чаддаг бол хэвтүүлнэ, чадахгүй бол толгойг хажуу тийш болгон хацрыг хэл дарагчаар шүднээс хөндийрүүлж, оо сойзыг зөв байрлуулан шүдний ширхэгийн дагуу 2 талд ээлжлэн угаана. Амыг өөрөөр нь зайлуулах, эсвэл өөрөө зайлж чадахгүй бол нарийн гуурсыг амны хөндийд оруулж тариураар шингэнийг соруулж авна. Хиймэл шүдийг авч угаах ба хэлний өнгөрийг зөөлөн хусах буюу үрж угаана.

Зө.мн: Хорт хавдрын үеийн хоолны онцлог ямар байх вэ?

Д.Д: –Хавдартай өвчтнүүдийн 50 – 80% нь тэжээлийн дутагдалд ордог онцлогтой. Жингийн алдагдал дөнгөж 5% байхад л эмчилгээний үр дүнд сөрөг нөлөөтэй. Тиймээс хоногийн хоолонд ургамлын гаралтай түүхий бүтээгдэхүүнийг зайлшгүй оруулах ёстой. Хүнсний бүтээгдэхүүнийг шарж хайрах аргаас зайлсхийж чанах, жигнэх аргыг өргөн ашиглах, нөөшилсөн бүтээгдэхүүнийг хориглох, цэвэршүүлсэн ус хэрэглэх, хоол идэхээс багаар тооцоход 30 минутын өмнө жимс, жимсгэнэ идэж байвал сайн. Хавдартай өвчтөнд лууван, хүрэн манжингийн шүүс өгөх нь эмчилгээний ач холбогдлоороо хамгийн өндөр байдаг. 

Хэвтрийн өвчтөний үс угаах

Бэлтгэх зүйл: Хувин, цорготой сав, хулдаас, даавуу, том, жижиг алчуур, шампунь, бүлээн ус, өндөр сандал, түмпэн

Үсийг угааснаар хуйхны цусан хангамж сайжирч, үсний эрүүл ахуй сахихад сайн нөлөө үзүүлнэ. Угаахдаа өвчтөн хөндлөн хэвтүүлээд орны урд жижиг сандал дээр түмпэнг тавьж, дээрээс ус гоожуулах байдлаар угааж болно.

Таны сурталчилгаа