Цаг үеийн мэдээ

 

Эцэг өвгөдөөсөө уламжлан ирсэн нандин ухааныг энэ биедээ тогтоон үлдээж, эдүгээд бүү хэл эрин өнгөрсөн ч урласан урлаачийнхаа нэр сүрийг илтгэн сүндэрлэх гайхамшигтай чулуун бүтээлүүдийн эзэн, сийлбэрч Жамбалын Түвшинжаргалыг энэ удаагийн ярилцлагын буландаа урьж байна.

Зө.мн: Танд энэ өдрийн мэнд хүргэе? Уран бүтээлийн ажил өрнүүн сайхан уу?

Ж.Т: - Баярлалаа. Уран бүтээл өрнүүн сайхан байнаа.  

Зө.мн: Та өөрийгөө уншигчдад маань танилцуулаач?

Ж.Т: - Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул. Аав, ээж минь тэр нутгийн хүмүүс. Би 1996-2001 онд СУИС-ийн Сийлбэрийн ангийг дүүргэсэн. Тэрнээс хойш чөлөөт уран бүтээлчээр ажиллаад, сүүлийн 10-аад жил чулуун баримлаар дагнан ажиллаж байна.

Зө.мн:  Алдах эрхгүй,  нарийн нандин, няхуур нямбай чадвар шаарддаг сийлбэрч мэргэжлийг сонгох болсон сэдэл юу байв даа?

 Ж.Т: - Миний аавыг н.Жамбал гэдэг. Уран дархан мужаан хүн байлаа.  Биднийг жаахан байхад аав минь шөнө орой болтол сууж дарх хийнэ. Мод, чулуу, төмөр гээд бүхий л материалаар сайхан сайхан юм урлана даа. Аавыгаа дарх хийхээр би түүнийг нь хараад суух дуртай. Аав минь "миний хүү хол суу, нүд рүү нь юм орчихно" гэдэг байсан ч намайг дэргэдээ суулгах дуртай мэдэгддэг байлаа.    Би зургаан эгч, зургаан ахтай өнөр өтгөн айлын отгон хүү. Тэдэндээ загнуулаад л төмөр чулууны хог цуглуулна. Түүгээрээ руль нь эргэдэг, чиргүүлтэй машин зэргийг хийгээд айлын хүүхдэд 11 төгрөгөөр арилжихна.  Морь, тэмээ их зурна. Тэр үеэс л би  зураг зурах, гарын ур дүйгээ шалгах дуртай болсон доо.  Аав минь сийлбэрч мэргэжлийн хэцүүг мэддэг болохоор "хэцүү л ажил даа" хэмээн сануулдаг байсан.

Зө.мн:   Уран бүтээлч хүн ямарваа нэг зүйлээс урам авч дараа дараагийн том ажил руугаа ордог шүү дээ. "Би ер нь энэ чиглэлээр ажиллаж чадах юм байна даа" хэмээх урам өгсөн анхны амжилттай ажлаа дурсаач?

Ж.Т: - 1996-2001 онд СУИС-д Сийлбэрч Г.Цогбаяр \МУСТА\ багшийн удирдлаганд суралцаж уран сийлбэрч мэргэжлээр сургуулиа одтой онц төгссөн. Улмаар дипломын ажлаа “3анганд”нэртэй ав хоморгын сэдвээр туурвиж уг бүтээлээрээ Шилдэг бүтээлийн шагнал авч байсан. Суралцаж байх үедээ – “Тэмээ амьд динозавр” сэдэвт уран бүтээлчдийн уралдаанд III-р байр, О.Цэвэгжав гуайн нэрэмжит “Морь хэн сайн зурах вэ" залуу уран бүтээлчдийн тэмцээнд II-р байр эзэлж байлаа. Сургуулиа төгссөнөөс хойш багш Г.Цогбаяр,болон ангийнхаа хамт олонтойгоо болон хувиараа олон захиалгат ажилууд, тохижилт, Бүтэн сийлбэртэй бүрэн тавилгатай гэрүүд, түүхэн дурсгалт газруудад модон баримал хийн  гүйцэтгэсэн. Ер нь хоёрдугаар курст байхаасаа захиалгын ажил авчихдаг, сургалтын төлбөрөө өөрөө төлчихдөг байлаа.  2011 оноос өөрийн “Боржин Суварга ХХК”-ныг үүсгэн байгуулж уран бүтээл, зам талбайн болон янз бүрийн чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэж эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулж байна.  2009 онд Хөвсгөл аймагт “Бурхан багшийн сэрэг дүр”- 7.60см бүтээж Монгол УлсынСоёлын Тэргүүний Ажилтан цол тэмдэгээр шагнагдсан.     

                                                      

Зө.мн:    Байгалийн боржин чулуун бүтээл хэдэн мянган жилийн настай, ирээдүй хойч үедээ үлдээх үнэт өв юм. Чулуугаа ер нь яаж сонгож байна?

Ж.Т: - Манай улсад хэд, хэдэн төрлийн боржин чулуу байдаг. Монголын боржин чулууг дэлхий нийт хүртэл судалчихсан байдаг юм билээ. Монгол боржин бол боржин чулуулаг дундаа залууд тооцогддог. Нарийн зүйлийг хийхэд ур гоё гардаг, урт настай, хатуу гэх мэт олон давуу талтай. 4-5 төрлийн боржин чулуунаас гадна гантигаар баримал хийж байсан л даа. Харин Монгол орны цаг уурын нөхцөл байдал нөлөөлөөд ч тэр юм уу гантиг чулуугаар бүтээл хийхээр цав их гардаг юм билээ. Боржин чулууг техник технологи нь дааж, гаргаж чадвал цав байдаггүй. Тэр нь агуу шүү. Бид чулуугаа олборлохын тулд газрын өнгөн дээрээс биш, ухаж авдаг. Учир нь өнгөн дээрх чулуунууд цаг хугацааны эрхээр өгөршилт ихтэй болсон байдаг. Тиймээс ухаж авч байгаа. Гэхдээ одоо техник харьцангуй хөгжөөд, том чулуунуудыг олборлоход саадгүй болсон. 3 метр хүртэлх өндөр чулууг хүртэл өргөөд гаргаад ирдэг болсон учраас тэр хэмжээний чулуунаас нэг баримал гаргачих тохиолдол байна. Тэрнээс том болчихвол суурь наагаад, дүрс нь нэг том чулуу байдаг ч юм уу, янз бүр л дээ.

 

Зө.мн:     Урлагийн хүмүүс нийгмээс хэдэн алхмын түрүүнд явах ёстой гэдэг. Тэгэхээр уран бүтээлийн сэтгэлгээнд хүртэл арай түрүүлж сэтгэх "уран бүтээлийн дарамт" гарна биз?

Ж.Т: - Тэгэлгүй яахав. Урлагийн хүн болох та нар маш хариуцлагатай байх ёстой гэж багш минь байнга сургадаг байлаа.  Аливаа орны хөгжил уран бүтээлчид нь авч явдаг гэдэг. Ер нь улс орны хөгжил гудамж талбай, хөшөө баримлаас нь тод харагддаг.  Тиймээс хойч үедээ үлдээх бидний хөрөнгө бол өвөг дээдсийнхээ түүхийг багтаасан, олон жилийн настай чанартай уран бүтээл хийж үлдээх юм даа.  Миний хувьд 14 аймаг 30 сумд уран бүтээл хийсэн байна. Жишээ дурдвал Өүлэн эхийн цогцолбор хөшөө бол Монголд байгаа чулуун баримлын хамгийн том бүтээл. Суурьтайгаа нийлээд 13.6 метрийн өндөртэй, цул чулуун баримал. Наахан талд нь алдартай хатдын хөшөө бий. Цогцолборын хаалгыг цул чулуугаар хийсэн. Өндөр нь 7 метр, урт нь 14.5 см. Монголдоо хамгийн томд тооцогдох хаалга.

  

Цогцолборыг 20 гаруй хүн хоёр гаруй жилийн хугацаанд бүтээсэн. Эх загварыг нь би гаргаад бусдыг нь ажилчидтайгаа хамтарч хийсэн. Мөн "Өнөр" хотхоны ботготой ингэ. 22-ын товчооны Сонгино хайрхны савдаг хэмээх тэр бол цогц бүтээл байна. Ер нь дурдвал олон доо. Аавынхаа нэрэмжит гэр музей байгуулах хүсэлтэй, мөн 2-3 давхар байшингийн хэмжээтэй монгол банхар бүтээх хүсэл бий.

Зө.мн:     Тогтвортой уран бүтээл хийх суурь түшиг бол яахын аргагүй гэр бүл байх. Уншигчдад маань гэр бүлээ танилцуулаач?

Ж.Т: -  Миний гэр бүлийн хүн О.Мөнхзул гэдэг. Бид 9 дүгээр ангид байхдаа үрхэж, хоёрдугаар курсдээ аав ээж болцгоосон улс. Бид гурван хүүхэдтэй. Том охин маань эрт гарсан болоод тэрүү яг л найз нөхөд шиг өсөж байна. /инээв/  Том хоёр маань зураг зурах дуртай, аавынхаа мэргэжлийг сонирхдог. Том охин Барилгын архитектур мэргэжлийг сонгосон.  Гэргий маань компанидаа ажиллаж, миний уран бүтээлийн сайн зөвлөгч дэмжигч болдог юм.  Түүнийхээ дэмээр л энэ хатуу ширүүн бүтээлийн ард яаж ийгээд л даваад гардаг юм даа.

 

Зө.мн:  Байгаль хүн хоёрын шүтэлцээн дор уран бүтээлээ туурвиж яваа таны хувьд байгаль дэлхийгээ хэр шүтэж, аргадаж  залбирдаг вэ?   

Ж.Т: -  Сайхан асуулт байна. Уран бүтээлч бидний ажил байгаль эх дэлхийн 100 хувь дэмжлэг дор явагдаж байна шүү дээ. Бид түүхий эдээ тусгай зөвшөөрөгдсөн газраас л авч байна. Ингэхдээ тухайн газрын лусын эзнийг аргадаж, гуйж авна. Тусгай зан үйл үйлдэнэ. Байгалийн буянг авч байгаа бол эргүүлээд өгөх ёстой гэж аав минь амьд сэрүүндээ бидэнд их захидаг байсан. Тийм болохоор миний хувьд буяны ажилд их оролцож, өөрөө ч их хийхийг хичээж явдаг. Мөн нутагтаа  эх дэлхий, ээж эмэгтэйчүүдээ даатгаж Ногоон дарь эх бурхан бүтээж залсан, цаашид ч олон ажил хийх болно.

Зө.мн - Танд баярлалаа. Урлагийг тэтгэгч Янжинлхам бурхан таныг үргэлж ивээг!

Таны сурталчилгаа