Цаг үеийн мэдээ

     Өнөө үед дэлхий дээрх зөгийн тоо толгой цөөрч, устах аюулд ороод байна. Түүнчлэн энэ нь газар тариалан дахь шавж устгах бодисын хэт их ашиглалт, зарим шимэгч хорхойн хяналтгүй өсөлт, цаг уурын өөрчлөлт, хүмүүсийн буруутай үйл ажиллагаа зэргээс шууд хамаарч байгаа ажээ. Үүнээс гадна, эрдэмтэд хэрвээ уг үзэгдлийг цаашид ч үргэлжилсээр байвал хүн төрөлхтнийг мөхөлд хүргэнэ гэж үзсэн байна. 

Зөгий нь дэлхийн нийт тоос хүртээлтийн гуравны нэгд оролцдог

     Зөгий нь дэлхий дээрх хүнсний ногооны тоосжуулалтад нэн чухал үүргийг гүйцэтгэдэг бөгөөд бидний өдөр тутамдаа идэж хэрэглэж буй хоол хүнсний гуравны нэг нь тоос хүртээлтээс хамааралтай байдаг. Түүнчлэн тоос хүртээгч шавжгүйгээр аливаа ургамлууд ургаж чаддаггүй билээ. Харин зөгий нь хамгийн гол тоос хүртээгч шавьж бөгөөд үүнд бусад төрлийн шавьж, шувуу, сарьсан багваахай зэргийн оролцоо маш бага байдаг гэсэн тооцоо бий. Тухайлбал, авакода, шар буурцаг, гүнжид, өргөст хэмх, цитрус жимс, тоор, киви, интоор, нэрс, хэрээний нүд, брокколи, цоохор майлз, хулуу, амтат гуа гэх мэт олон жимс, хүнсний ногоонуудад зөвхөн зөгий л тоос хүртээж, тэднийг амьдруулдаг аж.

Тэд бол эрүүл эко системийн үндэс

     Зөгийн тоос хүртээлт нь цэцэгт ургамлын генетикийг хадгалах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, зөгий байгаа эко систем хүний оролцоогүйгээр буюу байгалийн жамаараа ажилладаг гэсэн үг юм. Тиймээс зөгий нь цэцэг, жимс жимсгэнэ, хүнсний ногооны ургалтад нөлөөлдгөөс гадна ургамлын төрөл зүйлийн оршин тогтнолд ч чухал үүргийг гүйцэтгэдэг билээ.

Их Британийн "Зөгий үржүүлгийн нийгэмлэг"-ийн тооцоогоор зөвхөн Англи улсад гэхэд л зөгийн аж ахуйнууд жил бүр 185 сая долларын татварыг төлдөг. Энэ нь хоол хүнсэнд ашиглагддаг олон төрлийн цэцэгт ургамлын ургац зөгийн тоос хүртээлтээс хамааралтай байдагтай холбоотой. Харин зарим ургац зөгийнөөс шууд тоос хүртдэггүй ч биологийн тархалт явагддаг орчинд шууд бусаар ашиг тусаа өгсөөр л байдаг аж. Түүнчлэн Мексикт л гэхэд зөгийний тоос хүртээлтийн ашиг тус 2 тэрбум доллароос ч илүүгээр үнэлэгддэг юм.

Тэд бол цэнхэр гараг дээрх хамгийн ажилсаг амьд биетүүд

Ажилчин зөгийнүүд хатуу дэглэмтэй ажилладгаас гадна бүлэг тус бүр нь өөр өөрсдийн гэсэн үүрэгтэй байдаг.

Цэвэрлэгч зөгий: Үүрээ цэвэрлэх үүрэгтэй.

Балны зөгий: Дээд зэргийн бал үйлдвэрлэнэ.

Зөгийн үүр бүтээгчид: Зөгийн үүрийг барихад шаардлагатай сархинагийг бүтээдэг.

Тэжээлийн зөгий: Тэд хоол хүнс цуглуулж, үүрэндээ авчирч хадгалдаг.

Харуулын зөгий: Тэд үүрээ бусад овгийн эсвэл морин зөгийнөөс хамгаалдаг.

Агааржуулагч зөгий: Балны шүүсийг хатаахын тулд агаарын урсгалыг бий болгодог.

Испанийн "Экоколмена ТББ"-ын мэдээлснээр барууны балны зөгий (Apis Mellifera) нь 15-аас 80,000 гишүүнтэй колонийг үүсгэдэг. Тэрхүү колони нь дотроо нарийн зохион байгуулалттайгаар сайтар боловсруулсан үйлдвэрлэлийн системийн дагуу  ажилладаг байна.

Тэд дэлхийг илүү үзэсгэлэнтэй болгодог

     Тоосонцор байхгүй бол бүх цэцэгс устах ба зөгийнүүдийн ажил цэцэгсийн өнгө, бүтэц, үнэр нэг бүрд чухал нөлөөг үзүүлдэг. Тэгэхээр тариалангийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, эсвэл зүгээр л хөдөөгийн үзэсгэлэнт газрууд нь эдгээр шавжийн шаргуу аяллын үр дүнд бий болдог гэсэн үг юм.  Мөн тоосонцор хүртсэн цэцэг л бусад шавьж, шувуудын анхаарлыг татахуйц үзэсгэлэнтэй, эрүүл, аюулгүй ургаж чаддаг байна. Бристолийн их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар үхэр зөгий нь цэцгийн цахилгаан орныг мэдэрч, янз бүрийн хэлбэртэй цэцэгсийн ургадаг талбарыг нь ялгаж, тэр бүр дээр өөр зөгийнүүд тоос хүртээсэн эсэхийг ч таних чадвартай байдаг ажээ.

       Доктор Жорж МакГавин "Дэлхий дээрх сая сая ургамал, амьтдын дөрөвний нэг нь зөгийнөөс хамаардаг" гэсэн санааг дэвшүүлж, "Тэдэнгүйгээр дэлхий нэг л хэвийн, өнгөгүй, бүүдгэр байх байсан" гэж хэлж байжээ. Мөн тэрбээр зөгийн тоос хүртээх ажил ойролцоогоор 130 тэрбум еврогоор үнэлэгдэж байгааг тооцоолж,  зөгий нь хөдөө аж ахуйн салбарын гол үндэс суурь мөнөөс мөн болохыг нэмж дурдаад "Дэлхий ертөнцийг зөгийгүйгээр төсөөлөхийн аргагүй ч тус асуудал бидэнд аль хэдийн тулгараад эхэлжээ " хэмээн ярьсан байна.

Тэднийг устаж үгүй болохоос яаж сэргийлэх вэ?

     Мексикийн Тогтвортой Ойжуулалтын Иргэний Зөвлөлөөс (CCMSS)  дэлхий нийтэд тулгарч буй уг гамшигт үзэгдлийн эсрэг дараах хэдэн хэдэн энгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг санал болгожээ. Цэцэрлэгт хүрээлэн, парк, тэр байтугай тагтан дээрээ байгалийн гаралтай цэцэг тарих (Лаванда, мандарваа, хонины нүдэн цэцэг, наран цэцэг гэх мэт)

Хортон шавж устгах химийн бодисоос татгалзаж байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг ашиглах (Сармис эсвэл чинжүү гэх мэт).

Зөгийн үүрийг бүү устгаарай

     Жил бүрийн 5 дугаар сарын 20-нд болдог "Дэлхийн зөгийний өдөр" нь тэдний амьдарч буй эко системд анхаарал тавих, хамгаалах ажлуудыг олон нийтэд сурталчлах зорилготой байдаг. Зөгий бол гайхамшигтай шавьж, хүн төрөлхтөн бид тэдэнд маш их өртэй.

Эх дэлхий минь зөгийгүйгээр ямар байхыг та одоо төсөөлж байна уу? Бид тэдэнгүйгээр амьдрах боломж үгүй билээ.

 

Таны сурталчилгаа