Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газраас "КОВИД-19" халдварын цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах, тэдний хоол тэжээлийн асуудалд онцгой анхааран тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа билээ.

Тухайлбал аравдугаар сарын нэгэн хүртэл сар бүр хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг олгож байна. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай бага орлоготой өрхийн насанд хүрсэн 122,3 мянган хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, 118,2 мянган хүүхдэд 8000 төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүлсэн. Гэвч гэр бүлийн хүрээнд архидан согтуурах, гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, дуудлага байсаар байна.

Өчигдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин холбогдох албаныхны хамтаар гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг хамгаалах байрнуудад ажиллалаа.

Манай улсад 15 нэг цэгийн үйлчилгээний төв, 14 хамгаалах байр ажиллаж байна. Дээрх хамгаалах байрууд 24 цагаар хохирогчдыг хүлээн авдаг бөгөөд сэтгэл засал, ерөнхий боловсролын хичээл, эмчийн үзлэг, хуулийн зөвлөгөө зэрэг 7-8 төрлийн үйлчилгээг үзүүлдэг байна.

Хан-Уул дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төв 15 хохирогчыг хүлээн авах хүчин чадалтай. Өчигдрийн байдлаар эцэг, эх нь архины хамааралтай таван сартай хүүхдээс эхлээд нийт есөн хүүхэд байв.

ХНХЯ-ны хэлтсийн дарга Н.Баярмаа “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах байруудад долоо хоногоос гурван сарын хугацаанд байршуулж үйлчилгээ үзүүлдэг ч жил хүртэлх хугацаанд байршдаг тохиолдол ч цөөнгүй байдаг.

Тухайлбал бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын асуудлыг шүүхээр шийдвэрлэх хугацаа удаашралтай байдгаас тухайн хохирогчыг гэр бүлд нь буцаах, эсвэл асрамжийн газарт шилжүүлэх зэрэг дараагийн арга хэмжээг авах хүртэл байршуулдаг” гэлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Нэгдүгээрт хүүхэд хамгаалах төвүүдэд ажиллах орон тооны мэргэжилтнүүдийн стандартыг тогтоож өгөх ёстой юм байна. Энэ төвд тогооч, сэтгэл зүйч, хуульч, эмч, үйлчлэгч, хамгаалагч зэрэг зайлшгүй шаардлагатай орон тоонууд байх ёстой.

Улсын хэмжээнд тэр дундаа Улаанбаатарт иж бүрэн хүүхэд хамгаалах төвийн тоог нэмэгдүүлэх нь зүйтэй. Үүнд Монголын төр хөрөнгө харамлах ямар ч эрх байхгүй” гэлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин хамгаалах байрны нөхцөл байдалтай танилцсаны дараа Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд нийт 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, хөрөнгийг Улсын Онцгой комисст ард иргэдээс цугласан хандиваас гаргахыг үүрэг болголоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Таны сурталчилгаа