Цаг үеийн мэдээ

Амралтын өдрүүдэд 26-28 градус хүртэл халах учир ногоон бүсэд зорчихгүй, гол ус руу явахгүй, бага насны хүүхдэдээ хараа хяналт тавихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Туул голд өмнө нь иргэд усанд осолдож байсан цүнхээл хэсгүүдэд анхааруулах самбар байрлуулна.

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн алба, Байгаль орчны газар хамтран дөрөвдүгээр сарын 8-наас зургадугаар сарын 10-ныг хүртэл нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийн ажиллаж байгаа ажээ.

Зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 15-нийг хүртэл гол усны аюулаас урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна. Тиймээс Туул голын эргээр буюу Хар усан тохойгоос Нисэхийн Хадан хясаа хүртэл хөдөлгөөн, завьт эргүүл ажиллахаар төлөвлөжээ.

Хар усан тохойгоос Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүрээс Хадан хясаа хүртэлх завьт эргүүл ажиллана гэлээ.

Энэхүү маршрутын чиглэлд мөн өмнө нь иргэд осолдож байсан тохиолдол гарсан цүнхээл хэсгүүдэд анхааруулах самбар байрлуулна.

Таны сурталчилгаа