Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ.
МОНГОЛЧУУД ХҮННҮ ГҮРНИЙ ҮЕЭС ШАШИНЫ БАЯРЫГ ТЭМДЭГЛЭДЭГ БАЙВ
Монголд Бурханы шашин Хүннү гүрний үеэс эхлэн гурвантаа дэлгэрсэн гэж түүхчид, эрдэмтэн судлаачид үздэг. Тиймээс энэ цаг үеэс эхлэн тэмдэглэн өнгөрүүлж ирсэн нь дамжиггүй. 1954 он буюу социализмын үед Гандантэгчэнлин хийдэд Бурхан багшийн мэндэлсний 2500 жилийн ойг тэмдэглэж байсан түүх байдаг.
Энэ нь сүүлийн дэлгэрэлт буюу XVI зууны үеэс бурханы шашин монголын үндсэн шашин байж нийт ард иргэдийн дунд түгэн дэлгэрч, өв соёл зан заншилын салшгүй хэсэг болж, төрийн шашин хэмээн баталгаажуулж байсны үр дүн гэдгийг ойлгож болно.
Их монгол улсын үед хоёр дахь удаагаа бурханы шашин монгол орноо дэлгэрч энэ үед ч эл өдрийг онцгойлон авч үзэж тэмдэглэн өнгөрүүлж байжээ.
Буддын шашинтнууд олон зуун жилийн өмнөөс их дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бөгөөд 1950 онд Шри Ланкад зохиогдсон Дэлхийн буддистуудын холбооны анхдугаар чуулганаар уг өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-ныг Бурхан багшийн их дүйчэн өдөр гэж албан ёсоор тодорхойлжээ.
ЭНЭ ӨДӨР ЭЦЭГ ЭХЭЭ АЧИЛЖ, НЯЛХСЫГ БАЯРЛУУЛААРАЙ
Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж.
Эл өдөр нялхсыг баярлуулж, ядууст өглөг өгч, эцэг, эхийгээ ачилж, цагаан хоол идэж, хамаг амьтныг энэрч, нигүүлсэх сэтгэлээр хандан өнгөрүүлдэг. Энэ өдөр хийсэн буян мянга, түм арвижна гэж үздэг.
Гомдоосон нэгнээс өршөөл уучлал гуйх, архи тамхи тэргүүтэн муу зуршлаа орхих амлалт авч баярлуулах. Хэрвээ эцэг эх нас нөхцсөн аваас хойдын мөрд нь хурал ном айлтгах, бурхан шүтээн босгох, ядарсан доройд туслах, зул тахил өргөнө.
Ядуу, өвчтэй зовлонтой, төөрөлдөн явагч хүмүүст эд зүйлсийн өглөг өгөх, эм эмчээр туслах, эрдэм мэдлэгийг түгээнэ.
Асрал, энэрэл, бодь сэтгэлийг үүсгэх, бясалгах,
Бурхан багшийн намтар, үлгэрийн далай, бурхны шашны сургааль номлолыг унших, ухаарах, бясалгал бүтээл хийх, маань мэгзэм тэргүүтэн тарни, уншлагыг олноор тоолох,
Гал ус, дээрэм тонуул, араатан дайсны аюул нүүрлэсэн хүмүүсийг айдас хүйдсийн сэтгэлээс нь ангижруулах зэрэг сэтгэлийн журмыг чанд сахиарай.
Биеэр хийдэг гурван нүгэл:
Амьтан алах
Хулгай хийх
Хэрүүл хийх
Биднийг жаргалгүй, зовлонтой болгодог зүйлс бол БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛ гурвын буруу зуршил, явдлууд юм. Тиймээс энэ өдөр гэр бүлийг бусниулдаг, хань олныг салгадаг, улс орныг үймүүлдэг уур омог, хүсэл тачаал тэргүүтэй 10 хар нүглийг чанд тэвчээрэй.
Бурхан багш “Хилэнцийн үйлийг өчүүхэн ч бүү үйлдэж, буяны үйлийг аль чадахаараа хурааж, өөрийн сэтгэлийг номхотго” гэж айлджээ.
БУРХНЫ ШАШИНТ БУСАД УЛС ОРОНД
Бурханы шашинт Төвд, Энэтхэг, Камбожи, Бирм, Тайланд, Солонгос, Япон, Хятад тэргүүтэй улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Мөн Европын холбооны зарим улс орнууд, Австрали тивд "Будда Весак", "Сакадава", "Будда Пурнима" гэх зэрэг нэрэн дор дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн заншжээ.
Дэлхийн буддистуудын дээд чуулганд элссэн Африкийн 8 улсад Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэж байна. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 54 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд НҮБ-ын гишүүн 193 улс орон өөрсдийн хэмжээнд уг дүйчин өдрийг тэмдэглэж байна.