Коронавирусний эмчилгээнд антибиотик хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Их хэмжээний антибиотик нь бактерын тэсвэрийг дэмжиж, улмаар эмэнд тэсвэртэй бактерын гаралтай өвчнүүд цар тахлын энэ үед болон хожим илүү олон хүний аминд хүрнэ хэмээн ДЭМБ энэ долоо хоногт мэдээлжээ.
“Коронавирусний цар тахал антибиотикийн хэрэглээг замбараагүй ихэсгэсэн. Улмаар бактериуд антибиотикт тэсвэртэй болж, цар тахлын болон цар тахлаас хойш үед бактерын гаралтай өвчнөөр илүү олон хүн өвчлөх, нас барах эрсдэл өсч байна” хэмээн Тедрос цахим хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгджээ. Түүний хэлснээр дээрх шалтгааны улмаас уламжлалт эмчилгээнийхээ эмнүүдэд тэсвэртэй бактерын гаралтай өвчний тоо “санаа зовмоор хэмжээнд” өссөөр байгаа аж.
ДЭМБ-ын мэдээлж буйгаар бол коронавирусний өвчтөнүүдийн маш цөөхөн хувьд буюу бактерын гаралтай өвчин хавсарсан хүмүүст л антибиотик эмчилгээ шаардлагатай аж. Тиймээс олон улсын эмнэлгүүдэд коронавирус хөнгөн туссан өвчтөнүүдэд, бактерын гаралтай өвчний шинж тэмдэг хавсарч илрээгүй бол антибиотик эмчилгээ хийхгүй байхыг ДЭМБ сануулсаар байна.
Эх сурвалж: AFP.COM