Цаг үеийн мэдээ

ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулиас бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын хоёр жилийн мэргэшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

“Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэшүүлэх хөтөлбөр нь эдийн засаг, нябо-бүртгэл, инженерчлэл, байгалийн шинжлэх ухаан, математик, мэдээлэл харилцаа холбооны инженер гэх мэт бакалаврын боловсролтой иргэдэд гэмт хэрэгтэй тэмцэх, криминалистик, шинжлэн магадлахуйн болон мөрдөн шалгах ажиллагаа, хэргийн газрын үзлэгийг удирдан явуулах, мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, оношлогоо, шинжилгээ хийж дүгнэлт гаргаж, гэмт этгээдийг эрэн сурвалжлах, илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, эрх зүйн зөрчилтэй тэмцэнэ.

Шинжлэн магадлахуйн ухааны мэдлэгтэй шинжилгээний тодорхой чиглэлээр магадлагаа, дүгнэлт гаргах чадвартай, сэтгэл зүй, ёс зүй, харилцааны ур чадвартай мэргэшсэн алба хаагчийг бэлтгэхэд чиглэгдэнэ.

Цаашилбал практикт экологи, эдийн засгийн эсрэг болон цахим гэмт хэрэг, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг зарж борлуулах зэрэг илрүүлэхэд нарийн мэргэжил, мэргэшил  шаардах гэмт хэрэгтэй тэмцэхэд энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн мөрдөгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор дээд боловсролтой иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт хамруулах юм.

Энэ хөтөлбөрт суралцагчийг анхны мэргэжил, суралцах хугацааны амжилт чанараас шалтгаалан шинжээч-мөрдөгч, замын хөдөлгөөний гэмт хэрэг мөрдөгч, эдийн засгийн мөрдөгч, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэшүүлэн сургана.

Тус хөтөлбөрт элсэгчдэд дараах нийтлэг шаардлага тавигдана. Тухайлбал, өмнө нь төгссөн бакаклаврын дипломын голч дүн 2,4-өөс доошгүй байна.

Элсэхийг хүсэгч иргэд эдийн засаг, сэтгэл судлал, ня-бо бүртгэл, санхүү, банк, даатгал, байгалийн шинжлэх ухаан, математик, статистик, мэдээлэл, харилцаа холбооны технологи, инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээгч, ХАА мал эмнэл зүй, эрүүл мэнд, цэрэг, батлан хамгаалахын мэргэжил эзэмшсэн бакалавр болон түүнээс дээш боловсролтой байх нь тавигдаж буй гол шалгуурууд юм.  

“Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, эрүүл  мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан, цагдаагийн дэслэгч цолтойгоор офицер орон тоонд шууд томилогдон ажиллана.

Таны сурталчилгаа