Цаг үеийн мэдээ

     ОХУ-ын Норильск хотын Амбарная голын усанд 20 мянган тонн дизель түлш асгарч, үүний улмаас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тухайн бүс нутагт онц байдал зарласан байна. Новосибирскийн аврах албаныхан тус хот руу нисэхээр бэлтгэлээ базааж байна. Эдгээр 100 орчим мэргэжилтнүүд Онцгой байдлын яамны онгоцоор ослын газарт хүрэх аж.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уг цахилгаан станцын захирал Сергей Липиниг өнгөрсөн баасан гарагт гарсан ослыг хоёр хоногийн дараа мэдүүлсэнд, энэхүү аюултай процессыг шуурхай мэдээлээгүй хэмээх шалтгаанаар хатуу зэмлэсэн байна.

   ОХУ-ын Мөрдөн байцаах товчооноос дээрх осолтой холбогдуулан гурван төрлийн эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд бохирдсон гол нууруудыг цэвэрлэх ажлыг тус улсын Онцгой байдлын ерөнхий газар хариуцуулсан аж. Шатахуун асгарсан тус голын орчим нь зам муутай, алслагдсан байрлалтай тул цэвэрлэх ажиллагаанд багагүй хүндрэл учирч байгаа гэнэ. Харин тус улсын Байгаль орчны сайд Дмитрий Кобылкин асгарсан шатахууныг шатааж утсгах нь дэндүү эрсдэлтэй хэмээн үзжээ.

    Нэрвэгдсэн бүс нутгийн усны системийн экологийн тэнцвэрийг сэргээхэд хэдэн арван жил шаардагдана гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Ослын газар дээр барилга, техник, байгаль орчин болон бусад шүүх эмнэлгийн үзлэг хийгдэж байгаа бөгөөд тэдгээрийн үндсэн дээр ослын шалтгаан ба хохирлын хэмжээг тогтоох юм байна.  

Таны сурталчилгаа