Цаг үеийн мэдээ

БНСУ-ын Хууль зүйн сайд Монгол, Орос, Тайланд улсын иргэдийг транзит нислэгээр хүлээн авахгүй байх шийдвэрийг зургадугаар сарын 3-ны өдөр гаргасан  талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өнөөдөр УОК-ын Шуурхай штабын хурлын үеэр мэдээллээ.

Манай улс тус улсаас зургаадугаар сарын 17-нд хийх транзит нислэгээр иргэдээ татан авахаар төлөвлөөд байгаа юм.

Тэрээр "Бид уг шийдвэрийн талаарх мэдээллийг аваад Гадаад харилцааны яам БНСУ-ын талтай ярилцахаар ажиллаж байна. Хоёр улсын Элчин сайдуудтай харилцан уулзалтууд хийсэн. Энэхүү шийдвэр нь зөвхөн Монгол улс руу чиглэсэн биш юм. Олон улсын түвшинд агаарын хилээ хаасан тус гурван улс руу дамжин нисэхдээ дараагийн нислэг нь баталгаажаагүй байхад Инчеоны онгоцны буудал дээр олон хонож, хэт их бөөгнөрөл үүсгэж байгаа учраас энэхүү арга хэмжээг авчээ.  Жишээ нь гадаадын иргэн /монгол хүн биш/ халдвар тээгээд онгоцны буудалд ирсэн гэсэн мэдээлэл байна.

Уулзалтын үеэр Солонгосын талтай олон улсын нислэгээ зогсоогоогүй цөөн улсын томоохон онгоцны буудлуудын нэг нь Инчеоны нисэх онгоцны буудал гэдгийг ойлголцсон. Тиймээс АНУ-аас ирэх иргэдийн гол гарц нь тус онгоцны буудлаар дамжих болоод байгаа юм. Мөн Зүүн Өмнөд Азийн орнуудаас ирэх хүсэлтэй манай улсын 450 иргэн бий. Тайланд зургаадугаар сарын 30-ныг хүртэл агаарын хилээ хаасан. Тиймээс тус улсаар дамжих боломж одоогоор алга. Харин Инчеоны онгоцны буудлаар дамжих л боломж байгаа цаашлаад уг шийдвэр гарснаар Монгол иргэд эх орондоо ирэхэд маш том хүндрэл үүсч байгаа гэдгийг БНСУ-ын Элчин сайдад учирласан. Уг асуудлын дипломат шугамаар шийдвэрлэхээр ажиллаж байгаа ба нислэг төлөвлөлтийн дагуу хэвээрээ байгаа юм. Тиймээс иргэдийг тайван байхыг хүсч байна" гэлээ.

Таны сурталчилгаа